Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн ордны есөн хөлт, цагаан тугт танхимд аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олголоо.

Тэрээр зарлигтаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан, өнгөрсөн жилийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Б.Эрдэнэхүүг тав давсанд тооцож Улсын начин цол олгосугай гэжээ.

Б.Эрдэнэхүү өнгөрсөн жилийн наадамд тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон ч шинжилгээгээр гарьд Н.Ганбаатар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна. 

Мөн Ерөнхийлөгч сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан 2016 оны баяр наадмын бөхийн барилдаанд сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон Увс аймгийн Тэс сумын харьяат Б.Ганзоригт олгосон Улсын начин цолыг хасах зарлиг гаргажээ. 

Түүнчлэн бөхчүүд болон бөх сонирхогчдын дунд маргаан дагуулаад байсан 2017, 2018 оны үндэсний их баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн тогтоогдсон нэр бүхий найман бөхийг энэ жилийн наадамд зодоглуулахгүй байх шийдвэрийг Үндэсний бөхийн салбар хорооноос шийдвэрлэсэн юм.