Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газрын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл үргэлжилж байна. 

Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймагт хоногт 3000 м3 ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж барих юм.

Одоогоор Архангай, Өмнөговь аймгийн цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа ба Дорноговь аймагт энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Булган, Хөвсгөл аймгийн төвд цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг зургадугаар сараас эхлүүлсэн байна.

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээс гадна бохир усны дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж, насос станц, дулааны шугам шинээр татах зэрэг иж бүрэн шинэчлэл хийгдэх юм.

Уг төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн цэвэрлэх байгууламжийг 2018 онд ашиглалтад оруулсан байна. Уг цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 шоо.метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ба био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигладаг юм.