Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны дарга Э.Мягмар МҮЭХ-ын дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ШУ-ны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны  зохицуулагч Д.Бямбаа нар Чингисийн талбайд ажил хаялтын өмнөх суулт зарлалаа.

Эрүүл мэндийн салбарын ажилчид Үйлдвэрчний эвлэлтэй хамтран энэ сарын наймны өдөр цалин нэмүүлэх жагсаал хийсэн. Энэ үеэрээ Засгийн газар, УИХ болон салбар яамандаа шаардлага хүргүүлж, цалин нэмээгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

Гэвч “эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ үйлдвэрчний шахалтаар цалин нэмэх боломжгүй гэж мэдэгдсэн” хэмээн Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны дарга Э.Мягмар хэллээ.

Тиймээс Эрүүл мэндийн болоод бусад салбарын төлөөллүүд Ерөнхий сайдтай цалин нэмэх талаар хэлэлцээр хийхийг шаардаж ажил хаялтын өмнөх суулт зарлалаа.

Маргаашаас арай зузаан юм дээр сууна

Зураг: Өдрийн тойм

Б.Мягмар: “Эрүүл мэндийн салбарын ажилчид шөнө нь нойргүй ажиллаад өглөө жагсаал хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Төрийн сайд нар нь орон нутагт улаан хивсэн дээр тууз хайчлаад, фантом хийгээд явж байгаа нь харамсалтай. Тиймээс салбарын ажилчдаа төлөөлөөд дараагийн шатныхаа тэмцэлд орж байна. Тэмцлээ цалин нэмэх хүртэл үргэлжлүүлж, ажил хаялт зарлана.

2015 онд цалин нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр хийсэн ч өдийг хүртэл төрийн албаны ажилчдын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Монгол улс хөдөлмөр нийгмийн механизмын маш том уналтад орсон. Ажилтай ядуучууд улам бүр нэмэгдэж байна” гэв

Зураг: Өдрийн тойм

Монгол ажиллах хүчингүй болж байна

Т.Баясгалан: Өнөөдрийн энэ суултад эв саналаараа нэгдэж байна. Хөдөлмөрөө үнэлж чадахгүй байгаагаас болж залуучууд харь орон руу дүрвэж байна. Өчигдөр Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийг нэн түрүүнд хийх өргөх бичиг барьсан. Гэрээ тодорхой бус шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлогдож байна. Тиймээс шийдэлд хүрч, нийгмийг хямраагаад байгаа хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.