Майкрософт компаний Япон дахь салбар ажлын цагийг долоо хоногийн дөрвөн өдөр болгон бууруулах туршилт хийжээ. Ингэхэд ажлын бүтээмж 40 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан байна. 

Уг туршилтыг өнгөрсөн 8-9 сард хийсэн ба Баасан гарагийг амралтын өдөр болгосноор тус компаний 2300 ажилтан долоо хоногт гурван өдөр амрах боломжтой болжээ. Ингэснээр нэг ажилтны ажлын бүтээмж өмнөх оны мөн үеэс 39.9 хувиар өссөн байна. Мөн цахилгааны хэрэглээ 23.1 хувиар буурч 58.7 хувиар цөөн цаас хэвлэжээ. 

Уг туршилт нь ажилтнуудын хувийн хөгжил болон гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлсөн ба 92.1 хувь нь шинэ цагийн хуваарьт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Компаний зүгээс энэхүү туршилтаа өвөл дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Долоо хоногт дөрвөн өдөр ажиллах туршилт нь тухайн ажилтны стрессийг бууруулж илүү цагаар ажиллахаас сэргийлдэг байна. Шинэ Зеландын нэгэн компани 2018 онд хоёр сарын турш ажлын дөрвөн өдрийг туршсан нь амжилттай болжээ. 

Японд илүү цагаар ажиллах нь их байдаг ба 2016 онд Засгийн газрын хийсэн судалгаагаар компаниуд ажилтнуудаа сард 80 цаг илүү ажиллахыг шаарддаг байна.

Эх сурвалж: CNBC, Fox