Америкийн түүхэн дэх үр хөндөлтийн тухай хамгийн хатуу хуулийг Алабама мужийн олон зуун иргэд эсэргүүцэн жагслаа.

Алабама мужийн захиргаа Бямба гарагт үр хөндөлт хийсэн хуулийн этгээдэд 99 жил эсвэл бүх насаар нь хорих хууль баталсан юм. Харин жирэмсэн эхэд ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүй гэнэ. Гэхдээ уг хуульд зөвхөн эхийн амь нас аюулд орсон тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн ба хүчингийн гэмт хэрэг, цус ойртолтоос шалтгаалан жирэмсэн болсон эхэд ч үр хөндөлт хийхийг хориглосон байна. 

Жагсагчид энэхүү хууль нь аюултай үр хөндөлтийг ихэсгэнэ гэж үзэж байгаа юм. Мөн дуучин Лэди Гага, Пинк, Рианна, жүжигчин Рис Уитерспун зэрэг алдартнууд  ч мөн уг хуулийг эсэргүүцэж байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.

Америкийн дээд шүүх 1973 онд үр хөндөлтийг орон даяар хуулиар зөвшөөрсөн юм. Харин Кентаки, Миссиссипи, Охайо, Жоржиа зэрэг мужууд уг хуульд өөрчлөлт хийж жирэмсний эхний зургаан долоо хоногоос хойш үр хөндөлт хийхийг хориглоод байна.

Залруулга, энэхүү мэдээг 2019.05.20-ны өдөр оруулахдаа "хүчингийн гэмт хэрэг, цус ойртолтоос шалтгаалан жирэмсэн болсон эхэд ч үр хөндөлт хийхийг хориглоно" гэдгийг орчуулагчийн алдаанаас болж "хүчингийн гэмт хэрэг, цус ойртолтоос бусад тохиолдолд үр хөндөлт хийхийг хориглоно" гэж оруулсан болно. Иймд уншигч та бүхнээс хүлцэл өчье.

Эх сурвалж: NBC, Stuff, Global news