Энэ оноос эхлэн нийгмийн даатгалтай холбоотой хэд хэдэн чухал хууль, журам мөрдөгдөж эхлээд байна. Тухайлбал, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх хууль юм. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн 10 хувийг төлнө.

Нийт 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч даатгалын шимтгэлээ нөхөн төлөх тооцоо гарсан ба энэ онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. 

Мөн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаандаа хэдэн ч удаа дахин төрсөн Нийгмийн даатгалын сангаас амаржсаны мөнгө олгохоор болжээ.

Түүнчлэн сайн дурын даатгуулагч ээжийн тэтгэмжийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Өмнө нь сайн дурын даатгуулагч ээжид 70 хувийн тэтгэмж олгодог байсан юм. 

Амаржсаны амралттай байгаа албан журмын даатгуулагч ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хүүхдийг нь гурван нас хүртэл төлнө. Харин сайн дураар даатгал төлөгч ээжийн шимтгэлийн 50 хувийг Тэтгэмжийн даатгалын сангаас төлдөг болж байна. 

Үүнээс гадна энэ оноос шинээр тэтгэврээ тогтоолгох эхчүүдэд төрүүлсэн, гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1.6 жил нэмж байгаа юм.