Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, авах зарим арга хэмжээний тухай захирамжийг хотын дарга С.Амарсайхан гаргалаа.

Захирамжид төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, автомашин, мэдээллийг хувийн зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулбал төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, төрийн албанд дахин ажилууллахаас татгалзана гэж тусгажээ.

Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Түүнчлэн төрийн албаны машиныг улсын дугаараар нь ялгаж тодорхой таних тэмдэг хийхээр төлөвлөж байгаа ба төрийн албаны машинаар зориулалтын бус газраар зорчиж байгааг хянах боломж бүрдэх юм.

Ингэснээр төрийн албаны 5000 автомашины 50 хувь авто замаас чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа ба замын түгжрэлийг бууруулахад ч нөлөөлөх гэнэ.