Чингисийн гэгддэг манай улс сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Утаат Монгол гэдгээрээ дэлхийд илүү зарлагдах болж, бяцхан үрсээ агаарын бохирдол гэх аймшигт мангаст алдаж, тэднийгээ өвтгөж байгаагаараа нэрд гарчхаад байна. Гэтэл Монголчууд биднээс илүү гадныхан нийслэлийн агаарын бохирдолд санаа зовниж, Монгол хүүхдүүдийн эрүүлийг хамгаалах ажил илүүтэй хийж байна гэхэд хилсдэхгүй.

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” тайлангаа өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан юм. Утааны уршгийн талаар болон тус тайлангийн тухай Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенстай ярилцлаа.

Та бүхний бэлтгэсэн тайланд сэтгэл өвтгөм маш олон тоо баримтууд байсан ч Монголчууд бид төстэй мэдээллийг өдөр бүр шахуу авдаг учраас дасчихсан гэх үү дээ. Таны хувьд тайланд дурдсан баримтуудыг хараад гайхсан уу?

Үнэнийг хэлэхэд хүүхдийн эрүүл мэндэд зарцуулсан мөнгөний хэмжээ маш бага байхыг хараад гайхсан. Агаарын бохирдлоос шалтгаалах өвчлөлөөр өвдсөн хүүхдүүдэд зарцуулсан эрүүл мэндийн үйлчилгээний зардал их биш байсан. Өвлийн улиралд Улаанбаатарын агаарын бохирдол асар өндөр түвшинд хүрдгийг бид мэднэ. Өвчтэй хүүхдээ тэврээд  эмнэлэгт аваад очиход, үйлчилгээ хангалттай сайн биш байдгийг эцэг, эхчүүд ч хэлдэг. Тэгэхээр өвлийн улиралд хүүхдийн эрүүл мэндэд зарцуулах ёстой мөнгөний хэмжээг бид харин ч дутуу үнэлж тооцоолж байна гэж харж байна.

Ямар ч байсан энэ тоо, тооцооллыг гаргаж ирж байгаа нь өөрөө чухал. Бид хэр ихийг, эсвэл хэр багыг зарцуулаад байна, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг мэдэх нь чухал.

Бид бас нэг зүйлийг ойлгох ёстой. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал бол хэдхэн зуун хүн амьдардаг хотын асуудал биш. Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хот шүү дээ. Тэр дунд нь хүүхэд, жирэмсэн эхчүүд бий. Ингээд бодохоор санаа зовохгүй байхын аргагүй. Тийм болохоор нэг талаас, бид хүүхэд, жирэмсэн эхчүүдээ агаарын бохирдлын хортой нөлөөнөөс хамгаалах арга хэмжээ авах ёстой. Нөгөө талаас,  хүн амын цаашдын эрүүл мэнд, ажлын бүтээмж, үүнтэй холбоотой үүсэх эрүүл мэндийн зардлын талаар бодох ёстой. Өнөөдрийн хүүхэд, залуучууд 20 жилийн дараа 40-50 нас хүрээд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлөөр өвдөх, уушгины хорт хавдартай болох өндөр эрсдэлд байна. Яг одоо бид тийм нийгмийг бий болгож байна. Энэ бол аюулын харанга.

Агаарын бохирдол хүний биед учруулах сөрөг нөлөөллийг бүрэн судалж, тогтоогоогүй гэж та хэлж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

Агаарын бохирдол хүний генийн түвшинд болон тархинд чухам ямар гэмтэл учруулдгийг бид бүрэн гүйцэд ойлгож чадаагүй байгаа. Колумбын их сургуулийн профессор Федерика Перера Хятадад судалгаа хийсэн. Судалгаагаар агаарын бохирдол эхийн хэвлийд байгаа хүүхдийн ДНХ-д нөлөөлдгийг тогтоосон. Энэ бол маш сэтгэл түгшээсэн баримт. Эрүүл ДНХ нь эрүүл амьдралын үндэс суурь байдаг. Тэрхүү ДНХ-ийн гэмтэл нь дараа дараагийн үе удамдаа дамжих вий гэдэгт би санаа зовж байна. Гэтэл Улаанбаатарын ядуу айл өрх хог шатаадаг нь асар хортой химийн бодисыг агаарт ялгаруулж байгаа. Гэвч үүнийг бид хэмжихгүй байна.

Профессор Перерагийн хийсэн судалгаагаар бас нэг зүйл илэрсэн нь агаарын бохирдол эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон. Хүний тархины хөгжлийн суурь нь эхийн хэвлийд байхад мөн төрснөөс хойших эхний жилүүдэд тавигддаг. Гэтэл хүүхэд бохирдсон агаараар амьсгалах үед маш нарийн ширхэгтэй тоосонцор тархинд тун ойр очиж, бичил үрэвсэл үүсгэдэг гэдгийг тогтоосон.

Хэдий агаарын бохирдлын сөрөг нөлөөг бид бүрэн судалж дуусаагүй ч, дэлхийн аль нэг газар эдгээр сөрөг нөлөө байна гэдэг нь агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог Монголчуудын хувьд аюулын харанга болох ёстой.

Монголд сүүлийн 10 жилд уушгины үрэвсэл, бронхит болон астматай хүүхдүүдийн тоо эрчимтэй өсөж байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай байх магадлал өндөр байна.

Тайланд 2021 он гэхэд агаарын чанарыг сайжруулах боломжтой гэсэн байсан. Энэ бодитой зорилт гэж үү?

Тайланд Монголын Засгийн газраас барьж буй одоогийн бодлогод дүн шинжилгээ хийсэн.  Үндэсний хөтөлбөрт 2021 он гэхэд агаарын бохирдлыг бууруулна гэж зорьсон байгаа ч үүнийг биелүүлэхэд хэд хэдэн том бэрхшээл байна. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд юун түрүүн хөрөнгө мөнгө шаардлагатай, дараа нь ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авч болох хэдий  ч гол нь урт хугацааны, тогтвортой шийдэл байх нь чухал. Тухайлбал, утаагүй зуухыг аваад үзье. Иргэдэд утаагүй зуух худалдан авах боломж байна уу, тэд худалдаж авахыг хүсэж байна уу, иргэд энэ зуухыг урт хугацаанд хэрэглэх үү, утаагүй зуухыг дотооддоо үйлдвэрлэх боломж, нөхцөл, сонирхол нь бий юу, иргэд хуучин зуухаа хэрэглээнээс халах уу? гээд  бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Хууль гаргалаа ч түүний биелэлтийг хангах хэрэгтэй болно. Түүхий нүүрс түлэхгүй байх нь сайн хэрэг боловч оронд нь хэрэглэх өөр сонголтуудыг иргэдэд өгөх ёстой. Гадаа хасах 30, 40 хэм байхад гэрээ дулаацуулж чадахгүй бол хөлдөнө. Дулаан байна гэдэг тансаг хэрэглээ биш, амьд явах тухай л асуудал. Аливаа нэг зүйлийг хориглож байвал, оронд  нь хэрэглэх өртөг багатай, үр дүнтэй сонголтыг санал болгох ёстой.

Таны бодлоор Засгийн газар Монгол хүүхдүүдийг хамгаалахын тулд хангалттай ажил хийсэн гэж бодож байна уу?

Зөв чиглэлд явж байна гэж бодож байна. Утаа зүгээр нэг хоолой хорсгоод зогсохгүй бидний эрүүл мэндийг ноцтойгоор хордуулж байгаа гэдгийг ойлгож, сэрэхэд Засгийн газраас авхуулаад судалгааны болон иргэний нийгмийн байгууллагууд, ард түмэн багагүй хугацаа зарцууллаа. Сүүлийн хоёр жилд Эрүүл мэндийн яамнаас олон нийт рүү чиглэсэн ажлыг идэвхтэй хийж байна. Ард иргэд энэ тухай бас идэвхтэй ярьж, дуугардаг болсноор байгууллагууд өөрийн эрхгүй арга хэмжээ авч эхэлж байна.

Мөн иргэдэд утаанаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг тал дээр мэдээлэл, зөвлөмж хүргэх хэрэгтэй. Шуудхан хэлэхэд Монголд өвөл амны хаалт зүүсэн хүн надаас өөр бараг  харагдахгүй юм. Хүмүүс яагаад өөрсдийгөө утаанаас хамгаалахгүй байгааг би гайхдаг. Амны хаалт зүүх нь түвэгтэй санагддаг уу, эсвэл онцгүй харагддаг гэж боддог уу? Миний бодлоор хүмүүс өөрсдийгөө утаанаас хамгаалахын тулд боломжтой бүхий л зүйлийг хийх шаардлагатай гэдгийг ойлгохгүй байх шиг байна.

Монголчууд гаднын хүмүүстэй харьцуулахад агаарын бохирдолд хорддоггүй дархлаатай хүмүүс биш ээ. Магадгүй гадны иргэд утааны талаар илүүтэй гомдоллодог байж болох ч, бидний доторх бие яг адилхан шүү дээ.

Мэдээж урт хугацааны цорын ганц шийдэл бол утааг арилгах. Гэвч үүнд багадаа 5-10 жил шаардлагатай. Энэ хугацаанд бид яах вэ? Амьсгаагаа түгжих үү? Монголын төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшил илүү ихийг хийх хэрэгтэй, хийх ч боломжтой, хийхийг  ч хүсэж байгаа гэж харж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийх, агаарын бохирдолд өртөх өртөлтийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах 3 чиглэлийг л хослуулах нь зүйтэй.

Утаагаа бууруулж, хөгжихийн тулд манай улсад ямар төрлийн хууль тогтоомж, бодлого хэрэгтэй гэж та бодож байна?

Миний бодлоор Монголд хуулиас гадна хуулийн хэрэгжилт хэрэгтэй. Мэдээж эрчим хүч, нүүрс, дулаан, цахилгаан зэргийн зохицуулалтад хууль хэрэгтэй ч, үүнээс гадна автомашин, тээврийг мартаж болохгүй. Хуучирсан машин оруулж ирэх нь утааг улам ихэсгэнэ. Хэдийгээр өвлийн улиралд ихэнх утаа нүүрс, хог шатааснаас үүсдэг ч, жилийн турш замын хөдөлгөөнд оролцож буй энэ олон машин агаарыг бохирдуулсаар байна.

Нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч хүмүүс бүртгэл хийлгэхгүйгээр шилжин ирсээр л байх болов уу. Энэ нь эргээд хүүхэд цэцэрлэг, сургуульд сурах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх асуудал гарч байна. Тэгэхээр аливаа хууль тогтоомжийг батлахдаа эерэг болон сөрөг талыг сайтар судлах нь чухал юм.

Утааны тухай боловсролыг иргэдэд хэрхэн олгох нь зөв бэ?

Иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй. Тэд иргэдэд утааны талаарх мэдлэгийг олгож, утааг бууруулахад цаг хугацаа шаардлагатай, үүнд нэг бус хэд хэдэн Засгийн газар оролцох талаар ойлгуулах нь чухал. Улс төрчдийн өгсөн амлалтуудаас аль нь бодитой вэ, аль нь хоосон амлалт вэ гэдгийг ялгаж салгахад иргэдэд туслах хэрэгтэй.

Сонгууль гэснээс одоогийн Засгийн газар 2021 онд агаарын чанарыг сайжруулах амлалтдаа хүрэхээс өмнө УИХ-ын сонгууль болно. Таны бодлоор энэ сонгууль уг зорилтот нөлөөлөх үү?

Ирэх сонгуулийг хийсэн ажлынхаа үр дүнг харуулах боломж гэж хараасай гэж хүсэж байна. Үнэхээр 2021 он гэхэд үр дүн гаргана гэсэн бол 2020 он гэхэд багагүй зүйл хийчихсэн байх ёстой биз. Тэгэхээр 2020 он гэхэд бид утааг бүрмөсөн арилгах зорилтдоо нэлээд дөхсөн байх учиртай.

Улс төрийн намууд утааг боломж гэж хараад, хамгийн шилдэг санал санаачилгыг гаргаж ирээсэй. Кампанит ажил хийхдээ бодит шийдлүүдийг амлаасай. Монголын хүүхэд бүрт цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхэд нам, эвслийн харьяаллаас үл хамааран хүн бүрийн оролцоо чухал.

Ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа.