Алжирийн ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика тав дахь удаагаа нэр дэвшихээс татгалзлаа. Тэрээр үүнийгээ эрүүл мэндийн шалтгаантай холбон тайлбарлажээ.

Өдгөө 82 настай Бутефлика 1999 оноос хойш дөрвөн удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон ба өнгөрсөн сард дахин нэр дэвшихээ мэдэгдсэн юм. Улмаар нийслэл Алжирс хотод өнгөрсөн сарын 22-нд түүнийг дахин нэр дэвшихийг эсэргүүцсэн олон мянган иргэд жагссан бөгөөд үүний хариуд Бутефлика ирэх сарын 18-нд болох сонгуулийг хойшлуулсан байна.

Бутефлика 1990-ээд оны иргэний дайны дараа эх орныхоо эдийн засгийг тогтворжуулсан учир ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр 2013 онд зүрхний шигдээсээр өвдсөнөөс хойш олны өмнө гарах нь багассан ч албан тушаалаасаа буухаас татгалзсаар иржээ.

Түүнийг 2014 онд дөрөв дэх удаагаа сонгогдоход ард иргэд нь жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийж байсан ч үр дүнд хүрээгүй юм.

Алжир улсад ажилгүйдлийн түвшин өндөр, газрын тосны экспорт багаснаас болж эдийн засгийн хямрал газар авсан учир тогтмол жагсаал цуглаан болдог байна. Харин өнгөрсөн сард болсон Бутефликаг эсэргүүцэх жагсаалд оюутан, хууль, эмч болон ажилгүйчүүд оролцсоноороо илүү өргөн хүрээг хамарчээ.

Эх сурвалж: CNN, Al Jazeera