Монголбанк өнгөрсөн нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ийнхүү алт тушаалт буурсан нь 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой.

Тодруулбал, 2004 оны өөрчлөлтөөр Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байна гэж заасан бөгөөд уг хуулийн заалт нэгдүгээр сарын нэгэнд дуусгавар болсон юм.

Энэхүү хуулийн хугацааг энэ намрын чуулганаар хэлэлцэх байсан ч улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хэлэлцэгдэж амжаагүй байна. Харин ирэх сард ээлжит бус чуулган зарлагдвал тус хуулийг дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Дашрамд дурдахад, нэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109.728.25 төгрөг байсан бөгөөд саяхан шинээр байгуулагдсан Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар гурван кг алт худалдаж авсан байна.