Монголбанк өнгөрсөн хоёрдугаар сард  84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэд худалдан авсан 438.6 кг алттай харьцуулахад 81 хувиар буурчээ.

Мөн энэ хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авсан байна.

Алт тушаалт ийнхүү илт буурсан нь 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой. Уг хуулийг хугацаа дуусгавар болсноор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувиас таван хувь болж  нэмэгдсэн юм.

Энэхүү хуулийн хугацааг энэ намрын чуулганаар хэлэлцэх байсан ч улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хэлэлцэгдэж амжаагүй юм. Харин энэ сард ээлжит бус чуулган зарлагдвал тус хуулийг дахин хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ харьцангуй өндөр байсан бөгөөд Монгол банкнаас нэг унц алтыг өнгөрсөн сард 110,356.26-113,680.11 төгрөгөөр худалдан авчээ.