Бразилийн Амазоны ойн түймэр энэ жил өмнө оноос 83 хувиар нэмэгдсэн гэдгийг тус улсын сансрын судалгааны агентлаг мэдээллээ. Тухайлбал, 1-8 сард 72 мянга гаруй түймэр гарсан ба Пүрэв гарагаас хойш 9500 гаруй түймэр бүртгэгджээ. 

Даваа гарагт Амазонас, Рондониа мужийн ойн түймрийн утаа 2700 км зайд байрлах Сан Пауло хотыг цаг гаруй бүрхсэн байна. Улмаар Амазонас мужид онц байдал зарласан юм. 

Бразилд бороогүй улиралд ойн түймэр их гардаг боловч фермерүүд мал аж ахуй эрхлэх газартай болохын тулд ой шатаах явдал гардаг байна. 

Судлаачдын хэлснээр бороогүй улиралд түймэр их гардаг нь хүний санаатай болон санамсаргүй алдаанаас болдог гэжээ. 

Мөн ерөнхийлөгч Жаир Болсонаро өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээж авснаас хойш Амазоны ойн түймэр ихэссэн ба энэ нь ерөнхийлөгчийн байгаль орчны бодлого оновчгүй байгаагийн илрэл гэж судлаачид үзэж байна. 

Амазон нь хүчилтөрөгч ялгаруулж дэлхийн дулаарлыг удаашруулж байгаа хамгийн том ой юм. Бразилын өмнөх засгийн газрууд ойн модгүйжилтыг бууруулахын тулд торгууль ногдуулах арга хэмжээ авч байсан ч Болсонаро үүнийг буруутгасан юм. 

Өнгөрсөн сард Сансрын судалгааны агентлаг Амазоны модгүйжүүлэлт 88 хувиар өссөн гэсэн судалгаа гаргасан ч Болсонаро үүнийг худал мэдээлэл гэж үзжээ. Ийнхүү тус агентлагийн даргыг ажлаас нь халсан байна. 

Эх сурвалж: BBC, Vox