Америкийн засгийн газар Хятадын 16 тэрбум долларын мотоцикл, хурд хэмжигч, антен зэрэг 279 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ мэдэгдлээ. Уг татвар нь энэ сарын 23-аас эхлэн хэрэгжих гэнэ.

Энэ нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр гүрний худалдааны маргаанд  улам хурцдаж байгаагийн илрэл юм.

Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдэд хүндрэл учруулна гэдгийг бизнес эрхлэгчид анхааруулсан ч Засгийн газар энэ онд хоёр дахь удаагаа ийнхүү Хятадад татвар ногдуулж байна.

Америк өнгөрсөн сард 34 тэрбум долларын Хятадын импортын бараанд 25 хувийн татвар ногдуулсан юм. Үүний хариуд Хятад Америкийг худалдааны дарангуйлал үзүүлж байна гээд импортын бараанд нь ижил хэмжээний татвар ногдуулсан билээ.

Тэд Хятадыг худалдааны шударга бус өрсөлдөөн хийж байна гэж шүүмжилсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхийлөгч Трамп иргэдтэй уулзах үеэрээ Хятадын сул талыг мэдэж байгаа учир худалдааны тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгсэн юм.

Мөн тэрээр энэ сарын эхээр Худалдааны төлөөлөгчийн газарт Хятадын жимс, хүнсний ногоо, гар цүнх, хөргөгч зэргийн 200 тэрбум долларын бараанд 25 хувийн татвар ногдуулах талаар судлахыг үүрэгдсэн билээ.

Хятадын засгийн газар үүний хариуд мах, кофе, самар, автомашины сэлбэг зэрэгт ижил хэмжээний татвар ногдуулахыг сануулсан юм.

Энэ талаар өнгөрсөн Баасан гарагт Хятадын татварын хороо “Америк хоёр талын харилцан зөвшилцлийг зөрчин худалдааны маргааныг хурцатгаж байна” гэжээ.

Хоёр орон жил бүр 650 тэрбум гаруй долларын худалдаа, үйлчилгээг харилцан хийдгээрээ дэлхийн хамгийн том худалдааны түншүүд юм.

Эх сурвалж: CNN