Америкийн бүсийн хамтын ажиллагааны байгууллага Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог албан ёсны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрлөө.

Уг шийдвэрийг тус байгууллагын 34 орон дэмжсэн бол Венесуэлийн засгийн газар үүнийг олон улсын хууль зөрчсөн хэрэг гэж үзээд энэ сарын 27-нд тус байгууллагаас гарна гэдгээ мэдэгджээ.

Гэвч Венесуэлийн засгийн газрын уг шийдвэр нь ерөнхийлөгч Николас Мадурогийн олон улс дахь нөлөө болон гаднаас тусламж авах боломжийг хязгаарлана гэж ажиглагчид үзсэн байна.

НҮБ дахь Венесуэлийн төлөөлөгч Самуэль Монкада хэлэхдээ, “Америкийн засгийн газар олон улсын байгууллагууд дахь Венесуэлийн төлөөлөгчдийг өөрсдөдөө ашигтай хүнээр солихыг зорьж байгаа” гэсэн юм.

Гэсэн ч Америкийн бүсийн хамтын ажиллагааны байгууллагын шийдвэр Венесуэлийн улс төрийн асуудалд сүйдтэй нөлөөлөхгүй гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ.

Үүнтэй зэрэгцээд Венесуэлийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт төв банкны хадгаламжаас найман тонн алтаа буцааж авсан гэж Reuters агентлаг мэдээллээ. Учир нь төв банк дампуурах магадлалтай байгаа бөгөөд Венесуэлийн засгийн газар импортын барааны үнийг төлж чадахгүй болоход хүрэх гэнэ.

Америкийн засгийн газар Венесуэлийн газрын тосны экспортод хориг тавьсан бөгөөд энэ сарын сүүл гэхэд эдийн засгийн хориг тавьж магадгүй байна. ОУВС-ын мэдээлснээр тус улсын эдийн засаг 2013-2017 онд 30 гаруй хувь, өнгөрсөн жил 18 хувиар унасан гэнэ.

Улмаар Мадуро энэ жил гадаад худалдааны шаардлагыг зөөлрүүлсэн ч импортын бүтээгдэхүүн худалдан авах валют байхгүйн улмаас эдийн засаг нь тааруу хэвээр байгаа юм.

Тус улсын олон сая иргэн сүүлийн жилүүдэд инфляцын хөөрөгдөл, ажилгүйдэл, хүчирхийлэл, хоол хүнс, эм тарианы хомсдолоос болж гадагшаа дүрвэсэн байна.

Эх сурвалж: Al jazeera, Reuters