Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес Америкийн хоригийг олон улсын заналхийлэл гэлээ. 

Тэрээр хэлэхдээ, “Америк дэлхийн эзэн биш гэдгээ ухаарах ёстой. Мөн Америкт бизнес хийдэг бүх орнууд анхааралтай байх хэрэгтэй” гэв. Үүнээс гадна Америкийн хоригоос болж инфляцийн хэт хөөрөгдөл, эдийн засгийн хямралд орсон Венесуэлийн ард иргэдийн амьдрал улам дордоно гэсэн байна. 

Америкийн засгийн газар Ням гарагт Венесуэлийн эдийн засагт бүрэн хориг тавьж Засгийн газрынх нь бүх хөрөнгийг царцаасан юм. Ингэснээр Венесуэлтэй худалдаа хийсэн Америкийн компаниудад хориг тавих ба Америк дахь Венесуэлийн засгийн газрын бүх хөрөнгө, эрх ашиг зарцуулагдах эрхгүй болсон байна. 

Ерөнхийлөгч Доналд Трампын хэлснээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эрх мэдлээ ашиглан хүний эрхийг зөрчиж буй үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа гэнэ. 

Өчигдөр Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжигч 50 гаруй орны төлөөлөгчид Перугийн Лима хотод уулзалт хийсэн юм. Энэ үеэр Америкийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг Хятад, Орост анхааруулсан байна. 

Мөн Оросууд цэргээ Венесуэл руу оруулж дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна гэж шүүмжилжээ. Харин Орос, Кубын тал Америкийн хоригийг Венесуэлд үзүүлж буй эдийн засгийн хүчирхийлэл гэсэн байна. 

Эх сурвалж: Al jazeera