Хятад ирэх сарын нэгнээс эхлэн Америкийн 60 тэрбум долларын 5140 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь Америкийн Хятадад тавьсан сүүлийн татварын хариу юм. Уг татварт мах, хүнсний ногоо, жимсний шүүс, цай, кофе, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүн багтжээ.

Хятадын энэхүү мэдэгдэл Америкийн хөрөнгийн зах зээлд цохилт өгсөн бөгөөд Даваа гарагт Дов Жонес, S&P 500 индекс 2.4 хувь, Насдак индекс 3.4 хувьд хүрчээ.

Мөн Хятадын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Америкийн томоохон компаниудын хувьцааны үнэ унасан байна. Тухайлбал, Apple компанийнх 5.3, барилгын техник хэрэгсэл үйлдвэрлэгч Катерпиллар компанийнх 4.3, Женерал Моторсынх 3.2, Старбаксын хувьцаа 2.2 хувиар тус тус буурчээ.

Америк, Хятадын төлөөлөгчид Баасан гарагт худалдааны хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Улмаар Хятадын 200 тэрбум долларын импортод 25 хувийн татвар Америк ногдуулсан байна. Мөн цаашид Хятадын 300 тэрбум долларын бүтээгдэхүүнд ч татвар ногдуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Гэсэн ч Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай сайн харилцаатай хэвээр байгаа ба ирэх сарын 28-29-нд Японы Осака хотноо болох Их 20-ын уулзалтын үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзана гэдгээ мэдэгдсэн юм.

Америк Хятадын Засгийн газрыг дотоодын компаниудаа дэмжиж, худалдааны шударга бус өрсөлдөөн явуулдаг, Америкийн компаниудын оюуны өмчийг зөрчдөг гэж буруутгадаг юм.

Эх сурвалж: BBC, Al jazeera