Америкийн үндэсний аюулгүй байдлын газрын дарга Дан Коатс өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө ерөнхийлөгч Доналд Трампад өргөн барилаа. Энэ талаар ерөнхийлөгч Доналд Трамп “ирэх сарын дундуур Коатс огцорч түүнийг конгрессын гишүүн Жон Ратклиффег нэр дэвшүүлнэ” гэж твиттер хуудаснаа жиргэжээ. 

Коатс Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон асуудал, Хойд Солонгостой найрсаг харьцаа тогтоож байгаа явдал, Ираны цөмийн гэрээ зэрэг асуудалд Трамптай санал зөрөлддөг байсан юм. 

Тухайлбал, Трамп өнгөрсөн онд Финландад Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан талаар түүнтэй зөвлөлдөөгүй байна. Мөн Коатс өнгөрсөн нэгдүгээр сард конгрессын хурал дээр Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. 

Үндэсний аюулгүй байдлын газар нь Тагнуулийн төв агентлаг, Үндэсний аюулгүй байдлын агентлаг зэрэг Америкийн 17 тагнуулын газрыг удирддаг байна. 

Ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сард Иранаас ирэх халдлагын эсрэг Америкийн тагнуулын газрын удирдлагууд тааруу ажиллаж байгааг шүүмжилсэн ч сарын дараа Коатсыг албан тушаалдаа үлдэхийг хүсэж байсан гэнэ. 

Өмнө нь Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жеймс Маттис, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон зэрэг удирдах албан тушаалтнууд Трампын засгийн газрыг орхисон юм. 

Дипломатч асан Дан Коатс нь 2017 оны гуравдугаар сараас хойш Үндэсний аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байна. Тэрээр өмнө нь 1989-1999, 2011-2017 онд конгресс дахь Индиана мужын сенатчаар ажиллаж байсан юм. Мөн Коатс 2001-2005 онд Германд суух элчин сайдаар томилогдож байжээ. 

Эх сурвалж: CNN, BBC