Фейсбүүк компани ирэх 12 сард болох Америкийн завсрын сонгуульд нөлөөлөх гэсэн сөрөг утгатай нийтлэл бичдэг Фейсбүүкийн найман хуудас, 17 хаяг, инстаграмын долоон хаягийг илрүүлжээ.

Эдгээр хаяг, хуудасууд нийт 9500 нийтлэл бичиж 11 мянган долларын 150 сурталчилгааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны зургадугаар сар хүртэл түгээсэн байна. Нэг хуудсыг дор хаяж 290 мянган хүн дагасан ба Aztlan Warrior, Black Elevation, Mindful Being, Resisters хамгийн олон дагагчтай байжээ.

Уг хуурамч хаягууд 2016 оны сонгуульд оролцсон гэх Оросын интернэт судалгааны агентлагаас илүү өндөр нууцлалтай байсан гэнэ. Учир нь тэд IP хаягаа нууцлан гуравдагч этгээдээр дамжуулан сурталчилгаагаа тараасан байна.

Тэднээс Оросын IP илрээгүй ч Resisters хуудсын админы жагсаалтад интернэт судалгааны агентлаг байсан ба уг агентлагтай адил эвентийг ирэх наймдугаар сарын 10-12-нд зохиохоор төлөвлөж байжээ.

Энэ талаар фейсбүүкийн аюулгүй байдлын ахлах Алекс Стамос, “Бидний илрүүлсэн хаягууд Интернэт судалгааны агентлагийн шинэчилсэн хувилбар эсвэл тусдаа баг байж болно. Сөрөг сурталчилгааны бүлгүүд баригдсаныхаа дараа арга барилаа илүү сайжруулдаг. Өндөр зохион байгуулалтай ийм хаягуудыг байнга илрүүлнэ гэдэг боломжгүй” гэв.

Одоогоор тэдгээр хуудсыг фейсбүүкээс устгаад байгаа ч зарим хууль ёсны сайтууд тэдэнтэй холбогдсон байна. Жишээлбэл, the Resisters хуудасны эвентд таван хуудас хамтран ажиллахаар жагсаал зохион байгуулах газар, хүмүүсийг зөөх тээврийн хэрэгслийн талаар нийтлэл бичсэн байна. Мөн тус эвентэд 2600 хүн оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC, The Verge