Ерөнхийлөгч Доналд Трамп Аxios on HBO нэвтрүүлэгт оролцох үеэрээ Америкийн иргэншил болон бүртгэлгүй цагаачдын Америкт төрсөн хүүхдэд иргэншил олгохыг хориглох хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.

Тэрээр энэ талаар, “Бид 85 жилийн турш цагаачдын хүүхдэд иргэншил олгож байгаа дэлхийн цорын ганц орон. Одоо үүнийг зогсоох хэрэгтэй” гэжээ.

Харин Цагаан ордны төлөөлөгчдийн их хурлын дарга Пол Райин Кентакигийн радио нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ, “Уг хуулийг өөрчилж болохгүй. Тэгээд ч анх 1868 онд боолчлолын золиос болсон хүмүүсийн иргэншлийн эрхийг хамгаалах үүднээс баталсан уг хуулийг өөрчлөхөд маш удаан хугацаа шаардлагатай” гэсэн байна.

Бусад улс төрчид ч Трампыг ирэх сарын Конгрессын сонгуульд нөлөөлөхийн тулд цагаачдын асуудлыг ашиглаж байна гэж үзжээ.

Америкийн үндсэн хуульд зааснаар тус улсад төрсөн цагаач иргэдийн хүүхдэд шууд Америкийн иргэншил олгодог байна. Мөн Канад, Аргентин, Бразил зэрэг хэд хэдэн оронд уг хууль үйлчилдэг гэнэ.

Трамп Даваа гарагт Фокс ньюс сайтад ярихдаа, Мексикээс Америкийг чиглэн ирж байгаа Төв Америкийн 4000 гаруй дүрвэгчдэд зориулж түр хорогдох газар байгуулна гэсэн юм.

Дүрвэгчид ойролцоогоор сарын дараа гэхэд Мексикийн хил дээр ирэх төлөвтэй байгаа ба Пентагон тэднийг зогсоохоор 5200 цэргээ хил рүү илгээжээ.

Эх сурвалж: CNN, CBS