Америкийн засгийн газрын хоригийн дагуу Гүүгл компани Хятадын Хуавей компанитай харилцаагаа тасалж андройд үйлдлийн систем болон play store, gmail, youtube зэрэг аппликейшний хэрэглээг хязгаарласан юм. Гэвч Америкийн худалдааны департамент уг хоригийг ирэх наймдугаар сарын 19 хүртэл түр хойшлуулахаар боллоо.

Энэ хугацаанд Хуавейгийн гар утасны үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Харин Хуавей компани Америкийн технологийн компаниудаас гар утасны сэлбэг худалдан авч шинэ загварууддаа ашиглах боломжгүй юм.

Гэхдээ Хуавей компани уг эрсдэлийг урьдчилан тооцоолж 2012 оноос хойш өөрсдийн ХонгМенг гэх үйлдлийн системээ боловсруулж байжээ. Хуавей компаний Хэрэглээний программ хангамжийн инженерчлэлийн группийн ерөнхийлөгч, доктор Ван Ченглу өнгөрсөн есдүгээр сард “үйлдлийн систем хөгжүүлэх хэцүү байгаагүй ч аппликейшнүүдийн экосистем гол асуудал болно” гэсэн байна.

Гар утасны аппликейшнуудад экосистем маш чухал бөгөөд аппликейшны дэмжлэггүйгээр шинэ гар утас үйлдвэрлэгчид хүнд байдалд ордог юм. Тухайлбал, Майкрософт компаний Виндөүс гар утас зах зээлд маш бага борлуулалттай байсан тул аппликейшн хөгжүүлэгчид Виндөүс үйлдлийн систем дээр аппликейшнээ гаргаагүй байна.

Мөн Самсунг компани 2015 онд өөрсдийн боловсруулсан Тизен үйлдлийн системтэй утас худалдаанд гаргасан ч амжилт олоогүй байна. Шүүмжлэгчид уг үйлдлийн систем нь Андройдыг хуулбарласан ба ямар ч аппликейшнгүй учир онц санагдаагүй гэжээ.

Хятадад Гүүглийн аппликейшнуудыг хориглодог учир тус улсын хэрэглэгчид Play Store, Гүүгл Маp зэрэг аппликейшнгүй гар утсыг хэрэглэж сурсан байна. Харин бусад орны иргэд хүссэн аппликейшнуудыг нь дэмждэггүй Хуавейг хэрэглэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Ийнхүү дэлхийн хоёр дахь томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Хуавей компаний олон улсын бизнест ихээхэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна.

Гэсэн хэдий ч Хуавейгийн утаснууд Андройдын хуучин хувилбарт хэвийн ажиллаж байгаа юм. Харин хэрэглэгчид ямар ч аппликейшн, үйлдлийн систем шинэчилж чадахгүй болох нь гол тулгамдаж буй асуудал гэнэ.

Эх сурвалж: Business insiderGSM arena