Америкийн засгийн газар энэ оны ихээр Их Британид байсан Оросын тагнуулч, түүний охин нарыг хордуулсан хэргийн эсрэг Орост хориг тавьлаа.

Америкийн төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Хэйтер Науэртын хэлснээр Оросыг олон улсын хуулийг зөрчсөн гэж үзээд 1991 оны Хими, биологийн хяналтын тухай хуулийн дагуу хориг тавьсан байна. Уг хориг энэ сарын 22-ноос хэрэгжиж эхлэх юм.

Оросын тагнуулч Сергей Скрипал, түүний охин Юлия Скрипал нар өнгөрсөн гуравдугаар сард сэтгэцэд нөлөөтэй “Новичок” гэдэг бодист хордон эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Америкчууд хоёр төрлийн хориг тавих бөгөөд хэрэв Орос эхний хоригийг хүлээн авч алдаагаа залруулахгүй бол илүү чанга хориг тавих юм. Эхний хоригт Орос руу цэргийн зориулалттай технологи нийлүүлэхээ зогсоох гэнэ. Ингэснээр Оросын эдийн засгийн 70, ажлын байрны 40 хувьд нөлөөлөх магадлалтай юм байна.

Харин Орос эхний хориг хэрэгжиж эхэлснээс гурван сарын дотор хими, биологийн зэвсэг ахин ашиглахгүй гэсэн амлалт өгөх ёстой гэнэ.

Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол хоёр дахь хоригийг хэрэгжүүлэх эсэхээ шийдэх гэнэ. НАТО-ын Батлан хамгаалах бодлогын хэлтсийн Оросын асуудал хариуцсан дарга асан Марк Симаковскийн хэлснээр хоёр дах хориг нь Оросын Aерофлот авай компанийн хоёр орны хоорондох нислэгийг хориглож магадгүй гэнэ.

Үүний хариуд НҮБ дэх Оросын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский твиттер хуудснаа, “Америкийн утгагүй жүжиг үргэлжилсээр. Баримт, сэжиг, логик юу ч байхгүй. Зүгээр таамаглал. Тэд утгагүй, хуурамч зүйлд ч Оросийг буруутгаж байна. Америкийн Хориглосон Улсыг баяртайгаар хүлээн авцгаая” гэж жиргэжээ.

Харин Их Британийн засгийн газар Америкийг сайшаагаад “Химийн зэвсэг ашигласан Оросын уувайгүй үйлдэлд олон улсын зүгээс хатуу сануулга өглөө” гэсэн байна.

Энэ нь Америкийн засгийн газар Оросын эсрэг тавьж байгаа анхны хориг биш бөгөөд  өнгөрсөн зургадугаар сард кибер халдлагын хэрэгт холбогдсон гэх таван компани, гурван хуулийн этгээдэд хориг тавьсан билээ.

Америк Хими, биологийн хяналтын тухай хуулийн дагуу 2013 онд Сири болон өнгөрсөн онд Ким Жон Уны ахыг хордуулан хөнөөсөн хэргээр Хойд Солонгосын эсрэг тус тус хориг тавьж байжээ.

Эх сурвалж: CNN, BBC