Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүсэлтийн дагуу Америк түүнд тусламж илгээхээр боллоо.

Гуайдо Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог дахин сонгогдсоныг эсэргүүцэн хөдөлгөөн эхлүүлсэн бөгөөд түүнийг Америк, Канад, Бразил, Аргентин зэрэг орнууд дэмжиж байгаа юм.

Харин Мадуро түүнийг өөрийг нь ерөнхийлөгчийн суудлаас унагахын тулд олон улсын холбоотнуудыг нь ашиглаж байгаа гэж үзсэн ба Америкийн үзүүлэх тусламжийг Венесуэлийн дотоод асуудалд цэргийн хүчээр оролцох гэж буй явдал гэсэн байна.

Ням гарагт нийслэл Каракас хотод Мадуро, Гуайдогийн олон мянган дэмжигчид жагсаал хийсэн юм. Мөн Венесуэлийн агаарын хүчний генерал Франциско Яанез ерөнхийлөгчөө эсэргүүцэж буйгаа илэрхийлснээр Гуайдог дэмжиж буй анхны дээд тушаалтан болжээ.

Гуайдо Венесуэлийн арми болон Мадурогийн гол дэмжигч болох Хятад улсын төлөөлөгчтэй нууц уулзалт хийсэн байна.

Ямар тусламж үзүүлэх вэ?

Гуайдо Венесуэлийн аль нэг газар нутгийг удирддаггүй учир Венесуэлчууд олноор дүрвэж очсон гурван хөрш оронд тусламжийн төв байгуулж олон улсаас ирж буй тусламжийг эх орон руугаа оруулах хүсэлтэй байгаа гэнэ.

Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх уг төлөвлөгөөнд хамтарч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд ерөнхийлөгч Доналд Трамп зайлшгүй шаардлагатай үед цэргийн тусламж үзүүлнэ гэжээ. Харин ерөнхийлөгч Мадуро гадаадаас тусламж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Венесуэлд юу болоод байгаа вэ?

Венесуэлийн эдийн засаг инфляцын үнийн хөөрөгдөл, хоол хүнс, эм тарианы дутагдал зэргээс үүдэн олон жилийн турш хямарч байгаа ба олон сая иргэд нь дүрвэсэн байна.

Өнгөрсөн сард ерөнхийлөгч Мадуро дахин сонгогдож тангаргаа өргөсөн бөгөөд уг сонгуульд сөрөг хүчний удирдагчид нэр дэвшээгүй байна. Гэтэл удалгүй Венесуэлийн үндэсний ассамблейн ерөнхийлөгч Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан юм.

Хэн хэнийг дэмжиж байна?

Гуайдог Америк, Канад, Бразил зэрэг 20 гаруй орон дэмжиж Венесуэлийн шинэ ерөнхийлөгч гэж хүлээн авсан бол Орос, Хятад, Турк зэрэг орнууд Мадурог дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Франц, Их Британи, Герман, Испани зэрэг орнууд ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг Мадурогоос шаардсан бөгөөд эс тэгвээс Гуайдог ерөнхийлөгч гэж үзэхээ мэдэгджээ. Гэвч Мадуро өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч хэвээр үлдэнэ, дахин сонгууль явуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC, CNN