Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ерөнхийлөгч Доналд Трампын Хойд Солонгост хийх айлчлалын үеэр хамт байсангүй. Учир нь тэрээр Японы Осака хотод болсон Их 20-ын уулзалтын дараагаар Монголд ирсэн байна. Харин түүний оронд Фокс ньюс телевизийн хөтлөгч Такер Карлсон Трамптай хамт Хойд Солонгост очжээ. 

Трампын геополитикийн гол зөвлөх Болтон манай улсын төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй хоёр орны эдийн засаг, батлан хамгаалахын талаар ярилцана гэж өөрийн твиттер хуудаснаа ширгэсэн байна. 

Болтон өмнө нь Хойд Солонгос Ливийн жишгийг дагаж магадгүй гэж хэлснээс болж ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Учир нь Ливийн ерөнхийлөгч Муаммар Каддафи цөмийн хөтөлбөрөө зогсоосноос долоон жилийн дараа бусдын гарт амиа алджээ. 

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд болсон Трамп-Кимийн хоёр дахь уулзалт бүтэлгүйтсэнд Болтоныг буруутгасан байна. Иймээс Болтон Хойд Солонгост очсон бол хоёр удирдагчийн уулзалтын уур амьсгал таагүй болох байсан гэж ажиглагчид үзжээ.

Америкийн тагнуулын төв агентлагийн ажилтан Жон Кириакоугийн хэлснээр Болтон Америкийг Ирантай дайтуулах төлөвлөгөөтэй байгаа учир Трамп түүнийг ажлаас нь чөлөөлөх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: RT, Arirang