Америкийн батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэрийг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд хүлээн авч уулзан хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.

Уг уулзалтад манай улсын  Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарын удирдлагууд, Америкийн Батлан хамгаалах яамны зочид төлөөлөгчид оролцсон байна.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Др.Марк Т.Эспэрт адуу бэлэглэсэн юм. Үүний хариуд тэрээр морь бэлэглэсэнд талархал илэрхийлж, бэлгийн мориндоо Америкийн эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрийг өгсөн байна. 

Сайд Др.Марк Т.Эспэр хэлэхдээ Жеорж Маршал нь Дэлхийн II дайны дараа Хятадад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа Монгол адуу унаж байсан түүхтэй гэжээ. 

Зураг: БХЯ

Мөн тэрээр хэлсэн үгэндээ “Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна" гэсэн юм.

Дараа нь тэрээр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татууллаа.

Америкийн батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн бөгөөд тус улсын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгсөж, 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож байжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 23-нд тангараг өргөснөөр Америкийн 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон байна.

Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар тус улсад саяхан айлчлаад ирсэн юм.