Ираны валют өмнө нь байгаагүйгээр унаж, өнгөрсөн Ням гарагт албан бусаар 111,500 риалыг нэг доллараар  арилжаалах болжээ. Уг нь Бямба гарагт нэг доллар 97,500 риал байсан юм.

Ираны эдийн засаг суларч, дотоодын банкнууд санхүүгийн бэрхшээлтэй тулгаран, хоригоос болгоомжилсон иргэд долларын эрэлтийг өсгөсний улмаас дөрөвдүгээр сараас хойш риал үнэ цэнийхээ тал хувийг алдсан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Америк 2015 онд дэлхийн томоохон улсуудтай байгуулсан Ираны цөмийн гэрээнээс гарч, эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болсон юм. Цаашлаад 11-р сарын дөрвөнөөс өмнө Иранаас нефть импортлохоо зогсоохгүй бол Америкийн хоригт өртөхийг улс орнуудад анхааруулсан байдаг.

Ираны цөмийн гэрээ нь тус улсын цөмийн хөтөлбөрийг хязгаарлан оронд нь олон улсын эдийн засгийн хоригийг сулруулах зорилготой юм.

Америкаас Иранд оногдуулaх эдийн засгийн хориг арга хэмжээ наймдугаар сарын долоонд хүчин төгөлдөр болох юм. Эдийн засгийн хориг нь Ираны Засгийн газрын ам. долларын арилжаа, алт, үнэт металлын худалдаа, түүхий эсвэл хагас боловсруулсан металл, нүүрс, зэргийн хангамж болон тээвэрлэлтийг хязгаарлах гэнэ.

Түүнчлэн Америк Иранд үйлдвэрлэсэн хивс, хүнсний бүтээгдэхүүний импортоо зогсоох бөгөөд 11-р сарын дөрвөнд петрохимийн үйлдвэрлэл, нефть, тээвэрлэлт эрчим хүчний салбарыг чиглэсэн хориг нь хүчин төгөлдөр болох юм.

Харин Иран эдийн засгаа дээшлүүлэн, зогссон төрийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хөрөнгө оруулагчдад татварын урамшуулал олгохоор төлөвлөжээ. Энэ хориг хэрэгжсэнээр Ираны нефтийн экспорт гурваны хоёр хувиар буурах магадлалтай гэнэ.

Эдийн засгийн хоригоос үүдэн барааны үнэ, тэр дундаа импортын бүтээгдэхүүний үнэ өсөж, Ираны иргэдийн амьдрал хүнд болжээ. Сүүлийн хэдхэн сарын дотор гэр ахуйн хэрэгсэл, хэрэглээний барааны үнэ ойролцоогоор 50 хувиар өссөн гэнэ.

Зураг: CNN

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Даваа гарагт хэвлэлийн бага хурлын үеэр Ираны ерөнхийлөгч Хассан Роуханитай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр Хассан Роуханитай уулзах нь Америк, Иранд ч дэлхий дахинд ч сайн зүйл гэж хэлжээ.

Эх сурвалж: Aljazeera, Jerusalempost, NHK