Америкийн конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн ордон Хятадын Шинжиан муж дахь Уйгурчуудын эрхийг хамгаалах хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн дагуу Уйгурчуудын эрхийг зорчиж байгаа Хятадын албаныханд хориг тавьж, Шинжиан мужийн хорих лагерийг хаах юм. 

Төслийг ордны 407 гишүүн дэмжиж нэг гишүүн татгалзсан ба цааш Сенат болон ерөнхийлөгч Доналд Трамп нар баталснаар хэрэгжинэ. Гэхдээ хуулийн төслийг Трамп хориглосон ч Конгрессын нийт гишүүдийн гурваны хоёр нь дэмжвэл хэрэгжих юм. 

Хятадын тал уг хуулийн төслийг улсынх нь дотоод асуудалд оролцсон гэж үзэн хэлэлцэхээ зогсоохыг Америкийн засгийн газраас шаарджээ. Хятадын засгийн газар Уйгурчууд болон бусад Исламын шашинтай үндэсний цөөнхүүдийг бөөнөөр нь хорьж албадан сургалтад хамруулж байгаа юм. 

Хятадын тал үүнийгээ терроризм, шашны хэт үзэлтнүүдтэй тэмцэх үйл ажиллагаа гэж мэдэгдсэн байна. Америкийн төрийн департментын мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар Шинжианы хорих лагерт 800 мянга гаруй иргэн байгаа гэнэ. 

Лагерт хоригдож буй иргэдэд Хятадын коммунист намын үзэл суртлыг зааж Исламын шашинаа хаяхыг тулгаж байгаа ба орчин нөхцөл нь хүнд байдаг юм. 

Өнгөрсөн долоо хоногт Америкийн засгийн газар Хонг Конгийн жагсагчдыг дэмжсэн хууль баталсан нь Хятадын дургүйцлийг хүргэсэн байна. Үүнээс болж хоёр орны удаан хугацаанд үргэлжилсэн худалдааны дайн улам даамжирах төлөвтэй байгаа юм. 

Эх сурвалж: SCMP, Kyodo