Америкийн Морхаус хөвгүүдийн коллежийн энэ оны төгсөгчдийн сургалтын төлбөрийн зээлийг тэрбумтан Роберт Ф.Смит төлнө гэж мэдэгдлээ. Тэрээр тус сургуулийн хүндэт докторын шагнал гардан авах үеэрээ нийт 396 оюутны 40 сая долларын зээлийг төлнө гэдгээ амласан байна.

Форбес сэтгүүлд нийтлэгдснээр Виста үнэт цаасны компаний үүсгэн байгуулагч Смит таван тэрбум долларын хөрөнгөтэй ба Америкийн хамгийн чинээлэг хар арьст хүн юм.

Тэрээр өмнө нь 2016 онд Нью-Йоркийн Корнелл их сургуульд 50 сая доллар хандивлаж байсан ба хорт хавдрын судалгаа, урлагийн салбарт олон сая долларын хандив өргөж байжээ.

Мөн түүний Fund II сан Африк-Америкчууд болон хүний эрхийг хамгаалах, хүрээлэн буй орчныг сайжруулах, хөгжмийн боловсрол олгох зэрэг чиглэлд хөрөнгө оруулдаг байна.

Тэрээр бизнесийн сургуульд сурахаасаа өмнө химийн инженерээр ажиллаж байсан бөгөөд 2000 онд үнэт цаасны компаниа байгуулахаас өмнө Голден Сачс хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байжээ.

Смит 2017 онд чинээлэг иргэдийн хандив өгөх Giving Pledge ТББ-д нэгдэж, хар арьст Америкчуудын тэгш эрх, амьдрах орчинг сайжруулна гэдгээ амласан юм.

Тус ТББ-д Америкийн тэрбумтнууд болох Беркшир Хатауэй компаний захирал Уоррен Буффет, Майкрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс нар нэгджээ.

Виста компани нь программ хангамж, мэдээлэл технологийн компаниудад хөрөнгө оруулдаг бөгөөд 46 тэрбум долларыг хөрөнгө зах зээлд бий болгосон байна.

Эх сурвалж: Buzzfeednews, CNN