Америкийн засгийн газар дотоодын агентлагуудыг Хятадын технологийн компаниудтай худалдаа хийхийг хориглолоо. 

Тухайлбал, Хуавей, ZTE, Хитера, Ханзоу Хиквишион, Дахуа зэрэг компаниас мэдээлэл харилцаа, нууц камерын төхөөрөмж худалдаж авахыг хориглосон байна. Учир нь эдгээр компани бүтээгдэхүүнээрээ дамжуулан Америкийн худалдааны нууцыг Засгийн газартаа өгнө гэж үзэж байгаа юм. 

Америкийн хориг ирэх Мягмар гарагаас хэрэгжих бөгөөд 2020 оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ. Хиквишион компаний мэдээлснээр тус компани бүх улс орны хуулийн дагуу бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд анхаарч ажилладаг байна. 

Мөн тус компаний Америк дахь худалдааны ашгийн нэг хувь нь л төрийн байгууллагаас орж ирдэг юм. Бусад компаний төлөөлөгчид Америкийн хоригийн талаар хариулт өгөөгүй байна. 

Америкийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард дотоодын компаниудаа Хуавейтэй худалдаа хийхийг нь хориглосон юм. Үүнээс болж Гүүгл компани Хуавей компаний гар утсанд андройд системийн эрх олгохгүй гэх шийдвэр гаргасан ба ирэх наймдугаар сар хүртэл түр ашиглахыг нь зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: SCMP, CNA