Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Мексиктэй залгаа хил дээр онц байдал зарлалаа. Ингэснээр тэрээр Конгрессын дэмжлэггүйгээр хилийн хана барихад найман тэрбум доллар гаргаж чадахаар боллоо. Ингэхдээ Сангийн департаментаас батлан хамгаалахын барилга байгууламж, тусламжийн мөнгө, Батлан хамгаалах яамнаас хар тамхины хорио цээрийн мөнгө зэргийг хананы төсөвт оруулж магадгүй гэнэ.

Трамп энэ талаар хэлэхдээ, “Онц байдлыг үе үеийн ерөнхийлөгчид зарласаар ирсэн. Энэ нь ерөнхийлөгчид хүч чадлыг өгдөг. Өмнөх онц байдлууд тийм ч их асуудал дагуулж байгаагүйг бодоход сонирхолгүй байсан байх. Надад онц байдал зарлах шаардлага байгаагүй ч яаралтай хана барих хэрэгтэй байна” гэжээ.

Трамп 2016 оны сонгуульт ажлынхаа үеэр Мексикийн хил дээр 376.5 км хана барьж цагаачид болон хар тамхины наймаачдаас сэргийлнэ гэж амласан юм.

Онц байдал зарласан явдлыг Конгресс дахь Ардчилсан намын гишүүд эрх мэдлээрээ далайлгасан явдал хэмээн үзсэн байна. Мөн Мексикийн хил дээр 5.7 тэрбум доллараар баригдах хана нь зардал өндөртэйгөөс гадна газар эзэмшигчдийг эрхийг зөрчих магадлалтай гэнэ.

Трампыг онц байдал зарласныг эсэргүүцэн хэд хэдэн мужийн удирдлага, байгууллагууд шүүхэд өргөдөл гаргаад байгаа юм. Тухайлбал, чөлөөт үзлийн байгууллага, Нийтийн иргэн байгууллага Трампын шийдвэр Конгрессоос баталсан бусад хуулиудыг зөрчиж байна гэж үзэн Колумбиа дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан байна.

Мөн Калифорни мужийн засаг дарга, Ерөнхий прокурор нар Трампыг Конгрессын хуулийг эсэргүүцэхийн тулд шаардлагагүй үед онц байдал зарласан гэж үзэн шүүхэд өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: CNN, USAToday, Jerusalem post