Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид нас барсан байлдагчийн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлж, тусгай шинжилгээний баг томилогдон ажиллаж эхэлжээ. Мөн хамт байсан цэргүүдээс мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эргэлзээтэй асуудлууд гарч ирсэн гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, мөрдөн шалгалтын явцад цэргийн албан хаагч нэгэндээ гар хүрсэн нь илэрсэн, энэ явдал нь камерт бичигдсэн бөгөөд шалгалтын ажил үргэлжилж буй учир нийтэд ил болгох боломжгүй гэлээ.

Харин гар хүрсэн нь тухайн байлдагчийн аминд хүрсэн эсэхийг нарийн шинжилгээ дүгнэлтээр тогтоох юм байна. Мөн уг хэрэгт холбогдсон цэргүүдийг хүнийг санаатайгаар алах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, цагдан хорих хүсэлтээ Прокурорт хүргүүлжээ.

Өчигдөр цагдаагийн байгууллагаас өгсөн байлдагчийг гадны нөлөөгүй нас барсан гэх тайлбар нь мөрдөгч, шинжээчийн анхан шатны үзлэгийн үеэр хийсэн “биеийн гадна харагдах ямар нэгэн ил гэмтэлгүй” гэсэн дүгнэлтийг буруу хэрэглэснээс үүдэн олны дунд бухимдал үүссэн гэлээ.

Үүнээс гадна бие дээрх хүүрийн толбонд зулгарсан, хөхөрсөн зэрэг ил харагдах гэмтлийн шинж тэмдэг байгаа учир нарийн шинжилгээгээр бүх дүгнэлт гарах бөгөөд үүнд ямар нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтнийг хамгаалсан зүйл байхгүй гэж мэдэгдлээ.

Сүүлийн үед засвар өмсөгч Г.Чамин-Эрдэнэ, байлдагчийн хэрэг гээд цаг бусаар амиа алдсан хэргүүд олон нийтэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Иймд ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзан иргэн амь насаа алдсан тохиолдол бүрийг нухацтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, шуурхай шалган шийдвэрлэж, хуулийн хүрээнд олон нийтэд болон ар гэрийнхэнд нь үнэн зөвөөр мэдээлэхийг үүрэг болголоо.