Аалз, могой, зөгий зэрэг амьтанд хатгуулснаар хүний бие эрхтэнд эмгэг үүсэж, цаашлаад нас барах ч тохиолдол бий. Мөн чоно, нохойд хазуулснаас үүдэн галзуу өвчний халдвар авах тохиолдол ч байдаг.

Тэгвэл амьтанд хазуулсан тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Гүрвэл, бамбай хоншоорт шилт могой, хоржигнуур могой

Эдгээр амьтдад хазуулсан тохиолдолд хор нь цус хордуулах, эс хордуулах, цус бүлэгнэлтийг алдагдуулах, мэдрэл хордуулдаг байна. Мөн хэсэг газрын судасны нэвчимхий чанарыг ихэсгэн эдийн хаван үүсгэн хүчтэй өвдөлт мэдрүүлж цаашлаад  хөөрөл үүсэх, таталт өгөх, амьсгалахад бэрх болох зэрэг хүндрэлүүд үүсдэг байна.

Иймд могойн хорын эсрэг сийвэн, хатгуулсан газрын эргэн тойрон новокайны хориг хийх шаардлагатай гэнэ. Шархыг нэг хувь перманганат калийн уусмалаар угаах, 0.5-3 хувь адерналины уусмал шарханд тарих, хүйтэн жин тавих, 1-2 хувь промедол, 2.5-1 хувь аминазин, 1-2 хувь демидрол булчинд тарих зэрэг эмчилгээг хийх шаардлагатай гэнэ.

Зөгий

Зөгий Соно, хэдгэнэ, хөх түрүү зэрэгт хатгуулснаар хор нь хэсэг газрын үрэвсүүлж, мэдрэл хордуулах үйлчлэл нь судасны нэвчимтгий байдлыг ихэсгэдэг гэнэ. Ингэснээр хатгасан газар загатнаат үрэвсэл үүсдэг байна. Зарим тохиолдолд халуурах, толгой эргэх, даралт буурах, татах, саажих, амьсгал давчдах, цус задрах, цусаар шээх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Энэ үед хатгуурыг сугалж аван шархыг спиртээр цэвэрлэж, мөсөн жин, новокайны хориг, нэг хувиас 10 мл хлорид кальций, демидрол нэг хувиас 1-2мл, 250 мг хүртэл гидрокортизон булчинд хийж, зүрх судас дэмжих эмүүд хэрэглэнэ.

Аалз

Аалзанд хазуулсан үед хэсэг газрын үрэвсэл, шимэгдсэний дараа хүчтэй өвдөж, хавдан улайж, бие хүндэрдэг байна. Мөн нойр хүрч, даралт ихсэн, зүрх дэлсдэг гэнэ.

Энэ тохиолдолд хазсан газар жин тавих, шээс хөөх хордлого тайлах, шингэн хийх, аалзны хорын эсрэг сийвэн 500-2000 ДЦЛ арьсан дор хийдэг байна.

Хилэнцэт аалз, хилэнцэт хорхой

Эдгээр амьтдын хор нь токсальбумины төрөлд багтах бөгөөд, эмэгчин аалзны хор эрэгчний хороос илүү хүчтэй байдаг гэнэ. Тухайлбал, сэтгэцэд нөлөөлөх, мэдрэл хордуулах үйлчлэлтэй байна. Ийнхүү төв мэдрэлийн ба захын мэдрэлийн системийг саажуулдаг байна. Энэ үед хатгасан газарт хүчтэй өвдөлт үүсэж, улмаар мөч биеэр өвдөлт тархдаг аж.

Иймд хатгасан газар жин тавих, шээс хөөх хордлого тайлах, шингэн хийх, аалзны хорын эсрэг сийвэн 500-2000 ДЦЛ-ээр арьсан дор тарьдаг байна.