Хүн бүр л тодорхой хэмжээний амжилтад хүрэхийг хичээж, өмнөө зорилт тавин амьдардаг. Гэхдээ хүн бүрийн амжилтын дээд хязгаар харилцан адилгүй хийгээд даван туулах зам нь ч өөр өөр байдаг. Асар их мөнгө, эрх мэдэл, халуун дотно гэр бүл, үр хүүхэд, идэх хоол гээд хүний хүслийг хязгаарлах боломжгүй.

Тэгвэл мэргэжилтнүүдийн зөвлөж буй амжилтад хүрэхийн тулд хэвшүүлэх шаардлагатай зургаан зуршлыг сонирхуулъя.

Өөртөө итгэ

“Би хөөрхөн биш, Би яавч олны өмнө үг хэлж чадахгүй, Энэ том ажлыг над шиг хүн хийх ёсгүй” зэрэг бодол нь таныг сэтгэл хангалуун бус амьдрахад хүрдэг. Энэ нь та амжилтад хүрэх замаа өөрөө хааж байгаа хэрэг юм. Тиймээс мөрөөддөг байсан хүн шигээ өөрийгөө өөрчилж, ямагт өөртөө итгэх хэрэгтэй. Магадгүй хэн ч таныг дэмжиж, урамшуулахгүй байсан ч дотор хүн тань хэзээд дэмжих ёстой юм шүү.

Хэтэрхий удаан гуниглах хэрэггүй

Мөнх бусын энэ хорвоод зовлон шаналал, хагацал учирна. Энэ нь хувь хүний сэтгэл зүйн байдлаас шалтгаалан хугацааны хувьд харилцан адилгүй үргэлжилдэг. Тэгвэл хүн өөрийн зовлон шаналалыг хязгаарлаж, дараагийн зөв шийдлийг эрэлхийлж сурах нь зүйтэй гэнэ. Ядаж л өглөө бүр хийдэг зуршилтай болсноор зовлон шаналал аажмаар багасч, чухал зүйлсэд анхаарч сурдаг байна.

Талархаж сур

Тань руу инээмсэглэсэн хүн рүү хариу инээмсэглэх нь үггүй талархал юм. Энэ хорвоод баярлаж талархах зүйл олон байдаг юм шүү. Нэг өдрийн нарыг харж байгаадаа, орондоо тайван унтаж буйдаа гээд энгийн зүйлсээс ч сэтгэл ханамжийг авч болно. Мэдээж замын түгжрэл, хэн нэгний таагүй харилцаа, бүтэлгүйтэл тантай өдөр бүр таарч бухимдуулж байж болох ч үүний дэргэд аз жаргал оршсоор л байдгийг ойлгоорой.

Муу зуршлаасаа сал

Тамхи татах, хэт их утас оролдох, цаг баримтлахгүй байх зэрэг зуршил хэзээ ч таныг сайн зүйлд хөтлөхгүй. Эдгээр зүйлс байнга давтагдах бүрт та өөрт хэрэгтэй чухал зүйлсээ анзаарахгүй орхисоор байх болно. Тиймээс аль нь амьдралд илүү хэрэгтэй болохыг сайтар бод.

Дасгал хий

Энэ бол хүний амьдралд зайлшгүй байх зүйлсийн нэг. Учир нь хөдөлгөөн хийх үед серотонин гэх даавар ялгарч хүнийг аз жаргалтай болгодог. Иймд өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтол хийж дадах нь зүйтэй. Ажилдаа ирэхдээ алхах, тэжээвэр амьтнаа салхилуулах, найзуудтайгаа ууланд авирах зэргээр юу ч байж болно.

Эхэлснээ үргэлж сана

Аливаа зүйлд шантрах үедээ яагаад эхэлснээ сана. Ингээд хэсэгхэн зуурын шалгуурыг давбал ямар үр дүнд хүрч болохыг төсөөл. Ер нь амьдрал санаснаар болохгүй, бүтэх бүтэхгүй зүйлс учрах үед “надад сурах хэрэгтэй зүйлс их байна. Би үүнийг өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ төлөө хийх ёстой” гэж бодоорой.

Танд амжилт хүсье.