АН нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд Монгол банкны ерөнхийлөгч Н.Баярсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг шаардлаа.

Мөн шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлагыг нэмэгдүүлнэ гэх У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд нөлөөлөхүйц ажил хэрэгжүүлээгүй гэлээ. Мөн хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэх хэрэг нь шийдэгдээгүй байхад Австралид суух элчин сайдаар томилж байгааг шүүмжиллээ.

Тиймээс энэ сарын 30-нд Чингисийн талбайд бүх нийтийн жагсаал зохион байгуулна гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Тэд энэ удаад зөвхөн жагсах бус улс төрийн томоохон акцуудыг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү жагсаалаар сарын хугацаанд үргэлжлэх улс төрийн акц эхлэх гэнэ.

АН-ын дарга С.Эрдэнэ, “У.Хүрэлсүхийн засгийн газар сүржин мэдээлэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс АН сарын хугацаатай улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрх, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь АН” гэж хэллээ.