УИХ-ын намрын чуулган ирэх оны төсвийн тухай хуулиар эхэлсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа.

Тэдний зүгээс энэ оны төсөв Засгийн газрын мөрийн хөтөлбөр хийгээд улс орны хөгжилтэй хэрхэн уялдаж байгаа талаарх тодорхой мэдээллийг Засгийн газрын тэргүүнээс сонсох шаардлага тавьсан юм.

“Төсвийн бүх хөрөнгө оруулалтын зардлын 50 хувь нь хөдөө орон нутагт тусгагдсан байна. Хөдөө орон нутгийн хөгжил битгий хэл улс орны тогтвортой хөгжлийн бодлогогүй байж энэ их хэмжээний мөнгийг орон нутагт хяналтгүй цацаж байгаа нь нэг талаараа сонгуулийн зорилготой төсөв болсон байна” гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ.

Ирэх оны төсвийг хэрхэн батлахаас манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хамаарахыг хэн хүнгүй сануулж байгаа юм. Учир нь ирэх оны төсөв сонгуулийн өмнөх жил тохиож байгаа нь ч нэлээдгүй болгоомжлол дагуулж байгаа.

Энэ утгаараа 2019 оны төсөв сөрөг хүчнийхнээс гадна МАН-ын зарим гишүүдээс ч шүүмжлэл хүртээд байна.