АН бүлэг хуралдаж, ирэх оны төсөв, шатахууны өсөлт, ЖДҮ-ийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэдний зүгээс хэт үрэлгэн, эрсдэлтэй төсвийг АН дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хэрэв Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавибал дэмжинэ гэлээ.

Тухайлбал, төсвийн орлого нэг их наяд төгрөг давсан ч эрх баригчид 1.9 наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Дээр нь 3.6 их наяд төгрөгөөр барилга байшин барихаар төлөвлөсний 1.3 их наяд нь гадаадын хөрөнгө оруулалт зээлээр санхүүжүүлэхээр тооцсон байна гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн гаргасан зураг төсөлгүй, шаардлагагүй олон барилгын санхүүжилтийг танаж 400 гаруй тэрбум төгрөг хасах саналыг хүлээж аваагүй, халамжид 700 тэрбум төгрөг төсөвлөсөн эсрэгээрээ хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлд 47 тэрбум төгрөг тусгасан зэрэг олон алдаа дутагдал байгааг хэллээ.

Мөн ЖДҮ-ийн асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцохгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжинэ гээд Засгийн газарт харьяалагддаг 28 санд хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Эдгээр сангийн үйл ажиллагаа зохион байгуулалттайгаар зорилтот бүлгээсээ хазайсан нь ЖДҮ-ийн сангаар илэрсэн учир У.Хүрэлсүхийн засгийн газрын огцрох ёстой хамгийн том шалтгааны нэг гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Түүнчлэн АН-аас шатахууны үнийг зах зээлд нь даатгаад орхих бус үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж бууруулах шаардлага хүргүүлж байгаа гэдгээ мэдэгдэн, иргэдийн хийж буй жагсаал тэмцлийг бүрэн дэмжихээ илэрхийлсэн юм.