АН-ын гишүүдээс бензин шатахууны үнийг буулгах ёстой хэмээн үзэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад иргэдийг хамгийн ихээр бухимдуулж он гарсаар гурван ч удаа нэмэгдсэн шатахууны үнийг буулгах, орон нутаг адил үнээр борлуулна гэсэн амлалтаа биелүүлэхийг тусгажээ.

АН энэ тухай бодлогын ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн байна. Тэдний зүгээс тавдугаар сарын 14-өөс зургадугаар сарын 14-ны хооронд “Монголоо сонсъё үндэсний аяныг улс орон даяар зохиосон ба 150 мянга орчим иргэн хамрагджээ.

Аяны үеэр иргэдээс хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох, цалин нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, хүнд суртлыг арилгах талаар түлхүү санал иржээ. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоож, түүнд нөлөөлж буй шатахууны үнийг тэнцвэржүүлэхийг эх баригчдаас хамгийн их шаардсан гэдгийг АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.

Манай улс жилдээ 800-1400 сая долларын нефть хэрэглэдэг ба 95-99 хувийг Оросын Роснефть компаниас импортолдог байна. АН засаг барьж байсан хугацаанд буюу 2013-2016 онд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй харин МАН засаг бариад хоёр жил болоход шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн гэх статистик тоог АН-ын гишүүд хэллээ.

Он гарсаар шатахууны үнэ гурван удаа нэмэгдэхдээ өргөн хэрэглээний шатахуун 21 хувь, Дизель 34 хувиар өссөн байна. Ялангуяа хөдөө орон нутагт бензиний үнэ хотоос илүү үнэтэй байгаа ба Сэлэнгэ аймагт л гэхэд дизель түлшний үнэ 22 хувиар өссөн байгаа гэж тэд хэллээ.

Тиймээс АН-ын зүгээс шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, үнийг бууруулах, орон нутагт шатахууны үнийг тэнцвэржүүлэхийг Засгийн газраас шаардаж, хэрэгжүүлээгүй тохиолдолд тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.