Хэнтий аймгийн сонгууль Цэцийн дүгнэлтээр зогссоныг эрх баригч нам зохион байгуулсан гэх байр суурийг АН болон МАХН-аас илэрхийлээд байгаа юм.

Харин эрх баригч намын төлөөлөл үүнд хариу няцаалт хийлээ. МАН өнөөдөр баг хурлаа хуралдуулж нөхөн сонгуульд албан ёсоор намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх гэж байсан гэдгийг Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдэгдлээ.

Судалгааны байгууллагын мэдээлснээр Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг тэргүүлж байсан учир ялах магадлал өндөр байсан гэсэн юм.

МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Зураг: News.mn

Харин Цэцийн шийдвэрт МАН нөлөөлөөгүй, нөхөн сонгуульд ялагдахаасаа айсан АН-ын дарга С.Эрдэнийн явуулга гэж МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл хэллээ. Түүний хэлснээр АН дотроо хагаралтай байсан ба сонгуульд ялагдвал намын даргын суудал яригдах учир С.Эрдэнэ санаатайгаар нөхөн сонгуулийг зогсоох үйл ажиллагаа явуулсан гэлээ.

Цаашид Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж нөхөн сонгууль болбол МАН нам оролцоход хэзээд бэлэн байгаа гэж мэдэгдсэн юм. Ямартай ч Цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор нөхөн сонгууль болох эсэх нь бүрхэг байна.

Улс төрчдийн мэдээлснээр 42-р тойргийн нөхөн сонгуулийг явуулах хуулийн сүүлийн боломжит хугацаа нь ирэх зургадугаар сар юм. Харин энэ хугацаанд УИХ Цэцийн дүгнэлтийн дагуу Төсөвт тодотгол хийж, Сонгуулийн тухай хуулийг батлах боломж байхгүй гэдгийг зарим гишүүд хэлж байгаа юм.