Англи хэлийг сурах олон арга байдаг ч өөрт тохирсон аргыг олж, таван өөр янзаар сурсан хүмүүсийн зөвлөгөөг бид танд хүргэж байна.

Г. Тэмүүлэн  – Англи хэлний багш

Ном уншиж англи хэл сурсан: Багаасаа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурдаг байсан ч анхан шатны зүйлс мэдэхээс цаашилдаггүй байлаа. Харин манай эгч намайг шахаж, англи хэл дээр ном уншуулдаг байсан нь хамгийн ихээр нөлөөлсөн. Анхандаа ойлгохгүй зургийг нь хараад л 10 хуудас өнгөрөөдөг байсан ч сүүлдээ уншмаар санагдсан. Ном уншиж дуусгах тэр мэдрэмжийг авахын тулд номонд шимтэн орсон доо.

Өөр арга: Хурдан, ойлгомжтой ярихад дуу тус болсон. Бас л өөрийн сонирхлын дагуу гадаад дуу тэр дундаа хип хоп сонсоно. Eminem-н дуунуудын үгийг хэвлэж гаргаж байгаад л дагаж үглэж өгдөг байлаа шүү дээ.

Зөвлөгөө: Ер нь хүн сонирхлоороо хэл сурах хэрэгтэй. Бусад хүмүүс сурж байгаа учраас би сурах ёстой гэсэн ойлголтоор хэзээ ч сайн сурахгүй. Өөрийнхөө сонирхолд нийцүүлж, давуу талуудыг нь олж өөрийгөө идэвхжүүлж байх хэрэгтэй гэж боддог.

Б. Анударь – Англи хэлний орчуулагч

Кино үзэж сурсан: Сонирхолтой кино үзэхээр өөрийн эрхгүй ойлгомоор санагддаг. Жишээ нь, ‘Interstellar’-г үзээд эхлээд юу ч ойлгоогүй. Үзэж дуусаад мэдэхгүй байсан бүх үгнүүдээ бичиж аваад, орчуулаад цээжилсэн. Тэрний дараа үзэхэд хамаагүй ойлгомжтой болсон. Бас ганц хоёр удаа кино үзээд ойлгоно гэж байхгүй. Би л гэхэд Найзууд цувралын бүх ангийг бараг арван удаа давтаж үзсэн.

Өөр арга: YouTube дээрээс сонирхолтой бичлэгүүд үздэг. Өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ аль болох англи хэл дээр авч, сонсох хэрэгтэй.

Зөвлөгөө: Мэдээж кино үзээд та зуун хувь англи хэлтэй болно гэсэн үг биш. Гэхдээ өдөр тутмын яриа, ойлголт гээд олон зүйл дээр маш их тус болдог. Миний хувьд кино үзэж англи хэл сурсан туршлагаа суурь болгоод олон зүйлд хөрвүүлж ашиглаж байгаа.

Н. Сувдаа – Сэтгэл судлаач

Олон улсын байгууллагад элссэн: Жинхэнэ орчинд нь орно гэдэг л болсон. Ажлын шаардлагаар илтгэл, танилцуулга англи хэл дээр хийх хэрэгтэй болдог. Мэдээж алдаа гаргадаг ч хэн ч намайг шоолоогүй, харин ч дэмжсэн. Тэгээд л урам ороод алдсан ч хамаагүй яриад л, бичээд л дараа нь түүнээсээ суралцсаар ирсэн. 2014 онд гишүүн болж ороод одоо ерөнхийлөгч болсон. Мэдээж энэ байр суурийг авахад англи хэл маш сайн байх шаардлагатай.

Өөр арга: Кино их үздэг байсан. Ямар үгийг хаана, ямар үед хэрэглэх вэ гээд л өгүүлбэрийн бүтцийг нь хардаг. Бас англи хэлтэй хүмүүстэй чатлах нь тус болдог.

Зөвлөгөө: Янз бүрийн үйл ажиллагаанд оролцож, англи хэлтэй орчин бүрдүүлэх нь чухал. Бас алдсан ч хамаагүй яриад л байх хэрэгтэй. Юунаас ч санаа зовох хэрэггүй, өөрийгөө дайчлаад зүтгэ гэж л хэлмээр байна.

Х. Бисмержина – Сурагч

Видео тоглоом тоглож сурсан: Үүндээ маш их сонирхолтой, бүр дотор нь орчихдог. Тэгээд л сонирхолдоо хөтлөгдөөд англи хэлийг сурахыг хүссэн. Тоглоом дээрх англи хэлийг давтаад л, сүүлдээ ойлгодог болчихсон. Тоглоомоос шинэ үг маш их сурдаг. Одоо бол ахисан дээд шатны мэдлэгтэй.

Өөр арга: Цуврал кино, анимэ, манга үздэг байсан. Ер нь эдгээр зүйлүүд миний англи хэлний мэдлэгт чухал үүрэг гүйцэтгэсэн.

Зөвлөгөө: Хэл сурахын тулд өөртөө итгэлтэй, өөрийгөө дайчилдаг байх хэрэгтэй. Би зүгээр нэг тоглоом тоглосоор байгаад л сурчхаагүй. Мэдээж суурийг маань тавихад маш их нөлөөлсөн. Тиймээс сонирхлоо бодит байдал дээр ашиглаж, тэнцвэрийг нь олох нь чухал гэж бодож байна.

Ж.Оюун-Эрдэнэ – Англи хэлний багш

Уламжлалт аргаар сурсан: Англи хэлээ сайн гэж боддог байсан ч их сургуульд ороод өөрийгөө үнэхээр голсон. Хэлээ сайжруулахын тулд  янз бүрийн л арга хэрэглэсэн. Тэгээд хамгийн чухал нь сонсох, бичих, ярих, унших чадваруудаа зэрэг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Алийг нь ч орхигдуулж болохгүй. Харин энэ бүгдийн суурь нь дүрэм гэж боддог.

Өөр арга: Үг их цээжилдэг. Ер нь өөртөө ачаалал өгөх дуртай.

Зөвлөгөө: Хэл сурна гэдэг хичээл зүтгэлээс бүрэн хамаатай. Зарим хүмүүс өнгөц хараад байдаг юм шиг санагддаг. Үнэндээ маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм шүү дээ. Байнга сурахад цаг зарцуулж байх хэрэгтэй. Гэхдээ 10 цаг дэмий сууснаас ганцхан цаг үр дүнтэй суух нь зөв. Цагаа төлөвлөж, өөрөө хичээж, арга барилаа зөв олсон цагт л хэл сурч чадна гэж боддог доо.