Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фэйсбүүк компанийн урилгаар Калифорни мужийн Менло Парк хотод байрлах тус компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монголыг сурталчлах талаар санал солилцлоо.

Энэ үеэр Д.Цогтбаатар цахим медиа сүлжээг үр өгөөжтэй ашиглах, аюулгүй байдлыг хангах, Монголыг сурталчлах төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Харин Фэйсбүүк компанийн олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Гранд “дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ хөгжүүлэхэд Фэйсбүүкийг идэвхтэйгээр хэрэглэдэг бөгөөд 17 улсын 100.000 эмэгтэйчүүдэд хүргэсэн сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэжээ.

Уулзалтад Фэйсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, Монгол улсыг хариуцсан захирал Жорж Чен нарын хүмүүс оролцсон байна.

Мөн Д.Цогтбаатар тус компанийн төв оффист ажиллаж байгаа Монгол инженер, мэдээллийн технологийн ажилтнуудтай уулзаж ярилцлаа.

Дашрамд дурдахад Монгол улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг бол дэлхийд эхний 10-т жагсаж байна.

Зураг: ГХЯ