НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес 1945 оны наймдугаар сарын есөнд болсон Нагасакигийн бөмбөгдөлтийн 73 жилийн ойд хүндэтгэл үзүүлэхээр иржээ.

Тэрээр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй Лхагва гарагийн өглөө уулзсан байна.

Гутеррес энэ үеэр “Би НҮБ-д ажиллаж эхэлснээсээ хойш жилд дор хаяж нэг удаа Япон улсад ирдэг болсон. Харин энэ удаагийн айлчлалын зорилго маш чухал. Учир нь, атомын бөмбөгдөлтөд өртсөн иргэдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна Хойд Солонгосын цөмийн асуудлаар ноён Абэтэй ярилцана” гэв.

Мөн тэрээр Японы иргэдэд тохиосон уй гашуу дэлхийн энх тайванд томоохон түлхэц үзүүлсэн гэдгийг онцолж байв.

Үүнээс гадна Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд Японы талаас идэвхи санаачлага гаргаж байгааг сайшаагаад 1970-1980 оны үед Хойд Солонгосын нууц ажилтнууд Японы иргэдийг барьцаалсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Шинзо Абэ НҮБ-ын ерөнхий консулын газраас Хойд Солонгосын эсрэг авч байгаа арга хэмжээг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн тэрээр дэлхийн цөмийн зэвсгийн асуудлыг таслан зогсоохын тулд томоохон удирдагчид Японы атомын бөмбөгдөлтөд өртсөн хотуудын гамшиг зовлонгийн талаар мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Өмнө нь 2010 оны наймдугаар сарын зургаанд НҮБ-ын тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хирошимагийн бөмбөгдөлтийг дурссан арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж байсан юм.

Харин Гутеррес Нагасаки хотын бөмбөгдөлтөд өртсөн ард иргэдэд хүндэтгэл үзүүлж буй  НҮБ-ын анхны нарийн бичгийн дарга болж байна.

Япон улс нь дэлхийн 2-р дайны үеэр атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улс юм. Америкийн арми 1945 оны наймдугаар сарын есөнд Нагасаки хотыг бөмбөгдсөн бөгөөд бөмбөгдөлтийн төв цэг хэдхэн секундын дотор 3-4 мянган хэм хүртэл халж тэндээс нэг километрийн зайд 1800 хэмийн халуун болсон байна.

Үүнээс болж 1945 оны эцэс гэхэд тус хотын 240 мянган оршин суугчийн 74 мянга нь цацраг идэвхит бодисын нөлөөгөөр нар барсан юм.

Эх сурвалж: The Japan Times, NHK