Амьдрах орчны судалгааг 4208 судлаач гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс авах бөгөөд зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм.

Судалгааг уламжлалт цаасан суурьт технологиор бус Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан ухаалаг гар утасны аппликейшныг ашиглан авч буйгаараа онцлогтой байна.

Энэхүү аппликейшн нь орон зайн байршлыг тодорхойлон, бүртгэл хийх, мэдээллийн сан руу шууд хандах, өгөгдөл мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, судалгааны мэдээллийг нэгтгэн дүгнэж, график, диаграмм, тоон үзүүлэлт зэргээр үр дүнг харуулах зэрэг олон давуу талтай байна.

Судалгаагаар гэр хорооллын иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгаан, түлшний хэрэглээ, аюулгүй байдал, сайжруулсан зуух хэрэглэдэг эсэх, жорлонгийн төрөл, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг амьдрах орчны мэдээ мэдээллийг цуглуулах гэнэ.

Эхний ээлжид ЧД-ийн гэр хорооллын нутаг дэвсгэрт энэхүү судалгааг хийх бөгөөд судалгаа хийх аппликейшнийг Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Статистикийн газартай хамтран бүтээжээ.

Дашрамд дурдахад, нийслэлд 220 мянгай гаруй өрх гэр хороололд амьдардаг бөгөөд энэ нь нийслэлийн нийт хүн амын 50-иас илүү хувийг эзэлж байна.