Apple компани iPhone 11, 11 Pro, 11 Pro Max загваруудаа танилцууллаа. Эдгээр загвар нь баттерей, камер, техник хангамжийн хувьд өмнөх загваруудаас сайжирсан ч гадна талаасаа тийм ч их өөрчлөлт хийгээгүй байна. 

Ялангуяа iPhone 11 Pro, 11 Pro Max загварууд нь ардаа гурван камертай ба iPhone XS, XS Max загваруудаас 4-5 цаг илүү цэнэгээ барих гэнэ. Иймдээ ч Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күүк Pro загваруудаа бүх цаг үеийн хамгийн хүчирхэг iPhone гэж нэрлэсэн байна. 

Тэгвэл iPhone 11 нь ардаа хос камертай ба үнийн хувьд 699 доллараас эхлэх юм. Харин iPhone 11 Pro 999 доллар, 11 Pro Max нь 1099 доллараас эхлэн худалдаалагдах гэнэ. Эдгээр шинэ загварын урьдчилсан захиалга Баасан гарагт эхлэх ба энэ сарын 20-оос худалдаанд гарах юм. 

Ийнхүү үнийн уян хатан байдлыг хадгалах болсон нь iPhone утасны сүүлийн үеийн загварууд хэт үнэтэй худалдаанд гарснаас болж борлуулалт нь буурсантай холбоотой байна. 

Үүнээс гадна Apple компани 10.2 инч дэлгэцтэй долдугаар үеийн iPad, Apple Watch Series 5 болон тоглоомын Apple Arcade үйлчилгээ, Apple TV+ кино сангийн үйлчилгээг танилцуулжээ. 

Эх сурвалж: CNN, Telegraph