Apple компани 20 орчим жилийн дараа iTunes аппликейшнийг хааж үйлчилгээг нь Music, TV, Podcasts аппликейшнуудад шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ iTunes нь зөвхөн Виндөүз үйлдлийн системтэй компьютер дээр л ажиллах гэнэ. Мөн iTunes бэлгийн картууд ч дээрх гурван аппликейшн дээр үйлчлэх юм.

Харин iTunes -ээр гар утас, компьютерынхоо мэдээллийг цэгцэлдэг байсан хэрэглэгчид Finder аппликейшнийг ашиглах боломжтой гэнэ.

Music аппликейшн нь хувийн сонирхолд тулгуурлан хөгжмийн сонголт хийх боломж олгодог бол TV-ээр HBO, Showtime сувгийн киног үзэх боломжтой юм.

Apple-ын хөгжүүлэгчдийн энэ оны хурал энэ долоо хоногт зохиогдож байгаа ба энэ үеэр iOS 13 үйлдлийн системийг танилцуулсан юм. Уг  үйлдлийн системд хар өнгөний сонголт, багтаамж сайтай Сири, буцаах үйлдэл зэрэг шинэчлэлүүд хийгдсэн байна.

iTunes-ыг анх 2001 онд нэвтрүүлснээс хойш онлайнаар зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд гол шийдэл болсон юм. Мөн төлбөр төлөх хялбар арга, олон төрлийн каталоги зэргээрээ бусад аппликейшнаас ялгардаг байжээ. Гэвч үүнээс хойш iTunes-т хэтэрхий олон үйлдэл нэмэгдэж ойлгомжгүй, эмх замбараагүй болсон ба ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг аппликейшнууд ч гарч ирсэн байна.

Эх сурвалж: The verge , VOX, CNN