Аpple компаний дизайнер ноён Жони Ив энэ оны сүүлээр компаниа орхиж өөрийн LoveFrom фирмээ байгуулахаар болжээ. Уг фирм нь Калифорни мужид байрлах ба голдуу хувцсан технологи бүтээх гэнэ. 

Аpple компаний худалдааны ахлах Ангела Арендтс өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа өгсөн бөгөөд iPhone утасны борлуулалт буурч байгаад хөрөнгө оруулагчид санаа зовж байгаа юм. 

Жони Ив 1996 онд Аpple компани санхүүгийн асуудалд орж, орон тооны цомхтгол хийж байх үед дизайны студийн дарга болжээ. Улмаар 1998 онд iMac, 2001 онд iPod-ыг зохион бүтээснээр Аpple компаний нэр хүнд өссөн байна.

Жони Ив хамгийн сүүлд Аpple компаний орчин үеийн загварын цогцолбор болох Apple Park-ын төсөл дээр ажилласан юм. Ажиглагчид Аpple компаний хөгжлийн гол суурийг тавьсан Жони Ив ажлаа орхиж байгаа нь компанид томоохон өөрчлөлт оруулна гэж үзэж байна. 

Жони Ив 2012 онд Их Британий хатан хаанаас ноён цолыг хүртсэн бөгөөд энэ үеэс Apple компаний программ хангамж, техникийн дизайны албыг зэрэг хариуцах болжээ. Харин Apple компаний мэдэгдсэнээр Жони Ивийг ажлаас гарсны дараа дээрх хоёр албыг салгах юм байна. 

Аpple компаний үүсгэн байгуулагч агсан Стев Жобс Жони Ивийн талаар, “Жони бол миний Аpple дахь оюун санааны хамтрагч” гэж хэлжээ. Жобсыг нас барсны дараа Жони Ив захирлуудын зөвлөлд орж магадгүй гэж байсан ч тэрээр дизайны албандаа үнэнч үлдсэн байна. 

Эх сурвалж: BBC, FT