Apple компани iPhone, iPad төхөөрөмжүүдэд ашигладаг Lightning кабелийн оролтыг өөрчилж магадгүй байна. Учир нь Европын парламент уг кабелийг ашиглахаа зогсоохыг Apple компаниас шаардаж байгаа юм. 

Андройд утаснууд USB-C, micro-USB оролт ашигладаг бол Apple-ын төхөөрөмжүүд Lightning оролттой байдаг. Гэхдээ өнгөрсөн онд худалдаанд гаргасан iPad pro төхөөрөмжид USB-C кабель ашигласан юм. 

Европын холбооны шийдвэрийн дагуу Apple компани Европ руу нийлүүлэх бүтээгдэхүүнээ USB-C кабельтай болгох эсвэл утасгүй цэнэглэгч хийх магадлалтай байна. 

Европын холбоо бүх төрлийн ухаалаг төхөөрөмжийг нэг ижил цэнэглэгч кабельтай байх ёстой гэж үздэг юм. Учир нь хоцрогдсон кабель цахилгаан их зарцуулдаг ба жилд 51 мянган тонн хаягдал бий болгодог байна. 

 2009 онд зах зээл дээр 30 гаруй төрлийн цэнэглэгч кабель байсан ч одоо гурав болж цөөрсөн юм. 

Тус онд Аpple, Самсунг, Нокиа зэрэг компаниуд зөвхөн micro-USB цэнэглэгчид тохирох төхөөрөмж үйлдвэрлэнэ гэх гэрээ байгуулжээ. Гэвч Аpple компани адаптортой цэнэглэгч гаргаснаар Lighting кабелиа үргэлжлүүлэн ашиглаж байгаа гэнэ. 

Аpple-ын хэлснээр нарийнхан төхөөрөмжүүдэд USB-C оролт багтахгүй бөгөөд кабелийг нь солиход хоёр тэрбум долларын өртөгтэй гэсэн юм. 

Эх сурвалж: BBC