Тус компаний хувьцаа өмнөх өдрийнхөөсөө 2.9 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ Нью Йорк хотод 207.39 доллар болсноор Apple-ийн зах зээлийн үнэлгээ Пүрэв гарагт 1.002 триллион доллар боллоо. Ийнхүү анхны нэг триллион долларын Америк компани болсон байна.

Аpple-ийн орлого өнгөрсөн улиралд өссөн бөгөөд хэдий энэ улирал дөнгөж эхлээд байгаа ч компаний үзүүлэлт сайн байгаа юм.

PetroChina, Хятадын нефть, байгалийн хийн компаний зах зээлийн үнэлгээ 2007 онд триллион долларт хүрч байсан ч санхүүгийн хямралаас болоод нефтийн үнэ унахад дагаад үнэлгээ нь буурсан байдаг.

Америкийн бусад технологийн компаниудын үнэлгээ триллион долларт хүрэхэд ойрхон байгаа юм. Тухайлбал, Amazon, Alphabet, Microsoft зэрэг компаниудын зах зээлийн үнэлгээ 800 тэрбум доллараас илүү гарсан байна.

Apple компани 1976 онд байгуулагдсанаасаа хойш хүмүүс программ хангамж, тоног төхөөрөмж хоорондын харилцаа, компьютер, гар утас, тэр ч бүү хэл бидний хөгжим сонсох аргыг ч өөрчлөн хөгжүүлсээр ирсэн юм.

Стив Жобс 2007 онд анх мэдрэгчтэй дэлгэц, вэб хөтөч, и-мэйл явуулах чадвартай iPhone утсаа танилцуулж, гар утасны түүхэнд хувьсал авчран, өрсөлдөгчдөө хол орхиж чадсан байдаг.

Эх сурвалж: Bloomberg, NHK