Тайландын Пи Пи Ле арлын Маяа тохойг өнгөрсөн оны таван сараас хойш түр хаагаад байсан ба уг хугацааг 2021 он хүртэл сунгалаа. Тус тохой нь хаагдахаасаа өмнө өдөрт 5000 хүртэл жуулчин хүлээж авдаг байснаас болж байгаль орчин нь сүйдэж шүрэн хадны ихэнх нь үхсэн байна. Харин тохойг хаасны дараа ойролцоох далайд нь аварга загас үзэгдэх болжээ.

Тайландын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн департаментын зөвлөх, профессор Тон Тамроннавасаватын хэлснээр тохойг нээх үед жуулчдын тоог хязгаарлаж ойролцоох далайд завь оруулахыг хориглохоор болжээ.

Тайланд улс нь аялал жуулчлалд тулгуурлан хөгжиж байгаа ба Маяа тохойд нутгийн иргэд бизнес хийдэг байсан юм. Иймээс эдгээр иргэд тохойг хаах шийдвэрийг эсэргүүцэн олон удаа жагссан ч үр дүнд хүрээгүй байна.

Уг тохойд 2000 онд жүжигчин Леонардо ДеКаприогийн тоглосон Арал киноны зураг авалт хийгджээ.

Эх сурвалж: BBC, ABC