Тэрээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн нь манай улсын шатахууны үнэд нөлөөлсөн гэлээ. Мөн нефтийн үнэ ирэх сараас өсөх магадлалтай гэсэн юм.

“Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсөж хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе” гэж Д.Сумъяабазар ярилаа.

Харин иргэдийн шүүмжлээд буй дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурахаар дотоодод шатахууны үнэ хямдардаггүй явдал нь онцгой албан татвартай холбоотой гэнэ. Тодруулбал, тухайн үед онцгой албан татварын хувь хэмжээ өндөр байснаас үүдэн жижиглэнгийн үнэ өндөр байдаг гэнэ.

Түүнчлэн Орос татварын хуульдаа өөрчлөлт оруулснаас болж дотоодод бензиний үнэ дахин өсөх магадлалтай байгаа юм.

Иймээс хуульд өөрчлөлт оруулахаас өмнө хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж үнийн зохицуулалт хийх, нөөцөө бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа гэлээ. Үүнээс гадна Роснефть компанитай урт хугацааны бодлого ярилцаж байгаа гэв.

Сануулбал, энэ сарын эхээр шатахууны үнэ 50-60 төгрөгөөр нэмэгдсэн юм. Үүнийг албаныхан тайлбарлахдаа “гадаад зах зээлээс шалтгаалж нэмэгдэхээс өөр аргагүй байсан” гэжээ.