Ард даатгал компани хувьцаа гаргаж, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдахаар боллоо. Тодруулбал, долоон сая 500 мянган ширхэг энгийн хувьцаа гарган, нэгж хувьцааны захиалгын үнэ 700 төгрөг байх гэнэ.

Одоогоор Хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхлээгүй байгаа ба захиалга авч байгаа юм. Захиалгыг энэ сарын 26 хүртэл авах юм байна. Ийнхүү компанийхаа 30 хувийг иргэдэд эзэмшүүлж таван тэрбум 250 сая төгрөг төвлөрүүлэх юм.

Хувьцаа худалдан авахын тулд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудаас сонгож, үнэт цаасны данс нээлгэнэ. Ингээд нээлгэсэн дансандаа хувьцаа худалдан авахад шаардагдах мөнгийг байршуулж, сонгосон үнэт цаасны компанидаа хувьцаа худалдан авах захиалга өгч гэрээ байгуулна.

Ийнхүү анхдагч зах зээлийн арилжаа хаагдсан өдөр үнэт цаас харилцагчийн нэр дээр шилжинэ.  

Тус хувьцааны андеррайтэраар БиДиСЕК ҮЦК ХХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК ажиллаж байна.

Сонирхуулбал, Ард даатгал ХХК өнгөрсөн онд 3.409 даатгуулагчийн 4.06 тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн байна. Тус компани нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.