Чуулганы үдээс хойших хуралдаанаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан ба Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлж, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай гэж үзсэн боловсруулсан байна. 

Хуралдааны үеэр зарим гишүүд медаль бий болгож баяр тэмдэглэхдээ гол биш ардчиллыг улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шударга ёсыг эрхэм болгож ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарах зүйтэй гэлээ. 

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Тогтоолын төсөл гурван зүйл, хоёр хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Ардчиллын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм.